Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түргэний голын хөндий түйрэн болжээ

Замын ажлыг эхлүүлэхдээ эхлээд түр зам гаргах учиртай. Тэгээд түр замаа арчилж, байнгын усалгаатай байлгадаг. Гэтэл уг замд ер тийм юм алга. “Энэ олон замын чинь хаагуур явдаг билээ” хэмээн дуулдагтай адил юм болж байна. Айдасын даваа уруудаад Түргэний голын хөндий рүү ороод иртэл тоос шороо тэнгэрт тултал бужигнаж, машин тэргүүд уулын орой, бэл, голын сав, хөндий, жалга гээд хаа сайгүй сүлжилдэнэ. Энэ хөндий өгөөж ихтэй, сайхан нутаг. Айлууд суурьшиж, хотлоороо намарждаг хангай. Гэтэл тоос шороо боссоноос зарим айлууд нь нүүгээд явчихаж. Түр замаар нь явахаар үнс гэмээр саарал, нарийн ширхэгтэй тоос битүү бүрхээд авчихна. Машины шил, цонх бүхэлдээ тоосонд дарагдаад арга буюу их гэрлээ асааж, аваарын гэрлээ анивчуулахад хүргэнэ. Сул шороо машины дугуйгаар хуйлран боссоор салхинд туугдан ойр хавийг бүхэлд нь сааралтуулах аж. Иргэд тоостой замаас зайлаад машинтайгаа бусад газраар явж байгаа нь хөндийг талхалжээ. Намрын налгар сайхан төрх, шаргал өнгийг эндээс олно гэж байхгүй. Байгаль ингэж өнгөө гээсэн байна. Түргэний гол бүгээнтээд, ийм эрт татраа юу гэмээр. Түр замаар явсаар “Бяцхан хөндлөн” амралт руу салдаг замаар уул өгсөв. Хоёр ч уулын орой дээгүүр явсаар Хустайн давааг уруудлаа. Машинууд уулын оройгоор явахдаа овоог баруун талаар нь тойрч харагдана. Хот хоорондын тээврийн автобусууд, талх нарийн боов зөөдөг чингэлэгтэй ачааны машин, Өмнөговь, Дундговийн дугаартай ачаа ачсан, чиргүүлтэй тэрэг, суудлын машинууд гээд зүсэн зүйлийн машин уулан дээгүүр, тоосон дунд, дэржигнүүртэй замаар явж байна. Өмнө нь Зуунмодны иргэд Айдасын даваа руу хорьхон минут яваад хүрдэг байсан бол одоо цаг гаруй хугацаанд сажилж байгаа аж. Иргэд “Түр зам тавьж болно. Гэхдээ уулан дээгүүр явуулна гэдэг чинь юу болж байна вэ. Аварга А.Сүхбатаас айсандаа юу, тэр хүний үгэнд ороод уу түр замыг түүний эзэмшлийн хашааны хажуугаар явуулахын оронд уулан дээгүүр гаргаж болох уу. Гэнэт цас орвол яана. Автобус, хүнд даацын машин яаж явах болж байна вэ” хэмээн сэтгэл түгшицгээж байгаагаа илэрхийлж байна.

Аварга А.Сүхбатын гэх тодотголтой ихээхэн том, хашаалсан газар Хустайн давааны наанаас эхэлдэг. Уг нь энэ хашааны хажуугаар түр зам гаргасан бол олон хүний ажил, цаг хэмнэгдэж, аюулгүй газраар явах байсан гэж харагдав.  

Энэ хөндийд амьдраад арав гаруй жил болж байгаа Н.Пүрэвдорж гэх хүнтэй таарлаа. Тэрээр мотоцикль нь эвдрээд замын хажууд зогсч байлаа. Э.Пүрэвдорж “Манайх энд бүр суурьшчихсан. Газраа өмчилчихсөн. Хүүхдүүд амралтын өдрөөр агаарт гарах гэж ирдэг байсан. Одоо хөгшин бид хоёр л гэртээ байна. Хувцас хунараа угаахаараа гаргаж хатаахгүй байгаа. Өрхөөр тоос орж ирээд ямар олиг байх вэ. Мотоцикльтойгоо энэ тоосон дунд яваад байсан чинь кольц энэ тэр нь муудаад ер нь эвдэрч байх шиг байна. Хурдхан шиг энэ замын ажил дуусаасай билээ. Тоос гайгүй байсан бол ундууцах юм алга. Түр замаа услаад байвал ядаж өвс, ургамал, уул хайрхнууд өнгөө ийм хурдан алдахгүй шүү дээ” гэж байлаа.

Улсын төсвөөс долоон тэрбум 559 сая төгрөг зарцуулж байгаа энэ замыг аравдугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгөх гэрээ байгуулжээ. Одоогоор ажлын явц гуч гаруй хувьтай байгаа бөгөөд энэ эрчээрээ явбал төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгөх боломжтой гэнэ. Ер нь суурийн ажлууд нь дуусч байгаа юм байна. Замын ажилд суурь нь хамгийн нүсэр, ажиллагаатай. Замын компанийн ажилчид цаг агаарын төлөв ерөнхийдөө гайгүй байгаа болохоор арваад хоногийн дараа гэхэд шинэ зам бэлэн болно гэж байлаа.

Энэ зам засварын ажлыг дуустал тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Налайх-Дөрөвдүгээр зөрлөг чиглэлийн шинэ замаар явуулахаар төлөвлөсөн. Гэтэл Налайх-Дөрөвдүгээр зөрлөг чиглэлийн авто замын хучилт нимгэн, чанарын шаардлага хангахгүй байна гэсэн шалтгаанаар улсын комисс хүлээж аваагүй байжээ. Ийм болохоор Төв аймгийн Тээвэр, авто замын газрынхан аль боломжоороо түр зам гаргахыг замын компаниудаас шаардсан юм байна.

ЭнэталаартусгазрындаргаА.БатЭрдэнээстодрууллаа.

 

Замын ажил хэр явж байна?

-Зам засварын ажил сайн явж байна. Гэхдээ түр замын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Газарзүйн онцлог, тухайн газрын хөрсний бүтцээс шалтгаалаад маш их тоосжилттой байна. Мөн түр зам гаргахад гуу жалганаас эхлүүлээд хүндрэл их бий. Манай аймгийнхан мэднэ дээ, Бугын сангийн аж ахуй гэж байгууллага бий. Эднийх авто зам руу тулгаад хашаагаа хатгачихсан. Энэ нь түр зам гаргах нөхцөлийг хүндрүүлээд байна. Харьяа газрын мэргэжилтнүүд ирээд түр замыг ямар байдалтай тавихыг ярилцсан ч ард иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн маршрутыг тогтоож чадаагүй.

Зуунмод хот маань зүүн талаараа хатуу хучилттай замаар холбогдчихсон. Гэтэл тэр замыг улсын комисс хүлээж аваагүй болохоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг явуулах боломжгүй байсан.

Гэхдээ улсын комиссынхон тус зам дээр ажиллаад ойрын хугацаанд хүлээн авахаар болсон байна лээ.

Тоосжилт хэтэрхий их байна. Ялангуяа Түргэний голын ай савын нутаг бүхэлдээ сүйдэж байна шүү дээ?

-Тухайн газрын хөрсний онцлогоос шалтгаалаад өнгөн хөрсний нунтаг шороо босоод байна. Шороог нь хусаад норгооч гэдэг саналыг зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа гурван компанид удаа дараа тавьж байгаа. Гэтэл түр зам гаргах хөрөнгийг яамнаас ерөөсөө тавьж өгөөгүй юм байна. Энэ гурван компанид түр замын хөрөнгө, магадлашгүй ажлын хөрөнгө гэж ганц ч төгрөг байхгүй. Замын компаниуд маань зам барих хөрөнгөнөөсөө түр замандаа зарцуулж байна. Бид компаниудтайгаа хамтраад түр замын маршрутыг хоёр, гурван янзаар өөрчилж үзсэн л дээ.

А.Сүхбат аваргын гэх тодотголтой Бугын сангийн аж ахуйн хашааны хажуугаар түр зам тавих байтал замын нөгөө талаар, уулан дээгүүр тээврийн хэрэгслүүдийг явуулж байгаад иргэд бухимдалтай байна. А.Сүхбат аваргын эрх ашгийг иргэдийнхээс дээгүүрт тавьж байна гэж шүүмжлэх юм?

-Үүнийг ард иргэд маань ойлгох хэрэгтэй л дээ. Бидний зорилго бол богино хугацаанд маш чанартай замтай болох шүү дээ. Тэр байгууллагынхан зорчих хэсэг багтахааргүйгээр хашаагаа замд тулгаад барьчихсан. Бас усны шуудуутай. Тэр бүхнийг нь дүүргээд түр зам барина гээд хамаг хөрөнгөө цацвал өнөөх гол ажил нь яах билээ. Бяцхан хөндлөн амралтаар түр зам гаргахаар тэндхийн айлууд болон, Хустайн давааны айлууд тоос шороо бослоо гээд эсэргүүцсэн. Тэгээд л уулын оройгоор явбал ерөнхийдөө чулуун хөрстэй учир ядаж тоосжилт бага гэж ярилцсан.

Ингэж байгалийг эвдэж, тэнцвэрийг нь алдагдуулсны хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Энэ хавийн нутаг бүхэлдээ цөлжиж мэдэхээр байна?

-Зам барьж байгаа гурван компани маань уг нь түр замаа бариад захиалагч болох Зам, тээврийн яамандаа чанар байдлыг нь шалгуулаад ажлаа эхлэх ёстой л доо. Манай аймгийн хувьд Улаанбаатараас ирж байгаа төв зам хоёр уулын голоор явдаг, эргэн тойронд нь эзэмшил газрууд дүүрчихсэн гээд хүндрэлтэй асуудлууд их байна. Манай Зуунмод хотын иргэдийн хувьд зүүн талын замаараа зорчоод хэвшчихсэн байгаа. Ер нь замын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Шинэ технологиор хийгдэж байгаа зам шүү дээ.

Ямар технологи?

-Цементэн суурьтай, асфальтан хучилттай зам. Нэг метр квадратад ойролцоогоор 50 кг цемент орж байгаа.

Өргөн нь хэд вэ?

-Долоон метр. Хуучинтайгаа адил. Яамны зүгээс энэ ажилд ерөнхийдөө шилдэг компаниуд орсон гэж мэдээлсэн гэлээ.

2014 оны улсын төсөвт энэ замыг шинэчлэх, сайжруулахын тулд ямар нэгэн мөнгө төсөвлөөгүй байжээ. Мэргэжлийн байгууллагууд нэгдээд энэ замыг яаралтай засахгүй бол осол нэмэгдэж, хүний амь нас эрсдсээр байх болно гэдгийг Зам, тээврийн яаманд дуулгажээ. Үүний дагуу төсвөөс мөнгө гаргасан нь энэ юм байна. Яам нь компаниудад зам засах хөрөнгийг нь шийдэж өгөхдөө түр зам гаргахад ганц ч төгрөг өгөөгүй нь өнөөдөр байгаль ийн сүйдэхэд хүргэжээ.

Компаниуд өөрсдийн боломжоороо аль л гайгүй гэсэн газраар машин тэрэг явуулах гэж, хажуугаар нь замаа засах гэж үйлээ үзэж байгаагаа дуулгалаа. Нэг түр зам гаргаад өгөхөөр тэр нь дороо эвдрээд тэр гэхийн аргагүй тоос босоод байгаа гэнэ. Тэгээд дахиад өөр газраар түр зам гаргаж аргацаана. Ингэж явсаар дөрөв таван түр зам ярайжээ. 

Яам нь түр зам гаргаж байгалиа хамгаалан, ард иргэдээ ая тухтай замаар зорчуулахын тулд мөнгийг нь өгч чадаагүй юм бол ажлыг нь гүйцэтгэж байгаа компаниуд яагаад сэтгэл гаргаж, үүргээ ухамсарлаад нэг нэг усны машин гаргаад түр замаа норгож болсонгүй вэ. Замын компаниуд иргэдэд нөхөн төлбөр төлөхөд ч буруудахгүй. Түр зам гаргах хөрөнгийг нь шийдээгүй замын ажлыг гүйцэтгэж байгаа нь эдгээр компанийг зөвхөн ашгийн төлөө улайрч байна гэдгийг харуулж байна. Үүнээс болж байгаль яаж доройтох нь тодорхой шүү дээ. Доройтсон байгалийг хэн сэргээх юм бэ. Байгалийг хохироохгүй байх бодлого Зам, тээврийн яаманд уг нь байх учиртай.

Замыг чинь засч өгч байна гээд ард түмэнд, байгальд ингэж хатуу гараар, сэтгэлгүй хандаж боломгүй. А.Гансүх сайд хэдэн жиргээчидтэй твиттерт хэрэлдэж, уралцан, шүүх цагдаа болж цагаа үрж байхынхаа оронд ядаж энэ замд жаахан ч анхаарлаа яагаад хандуулсангүй вэ. Аравдугаар сарын эхээр энэ зам дээр ирээд тууз хайчлахдаа эргэн тойрны байгалийг нэг ажаарай, үнсэн саарал өнгөөр дүнсийж байх биз.

 

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *