Түрээсийн орон сууцны цахим бүртгэл өчигдөр буюу долдугаар сарын 22-ны 17.00 цагаас эхэлсэн бөгөөд өнөө өглөөний 10.30 цагийн байдлаар 4000 гаруй хүн бүртгүүлжээ.
Энэ хугацаанд Нийслэлийн орон сууц корпорац (НОСК)-ийн https://nosk.ub.gov.mn/ вэб сайтад 43 орчим мянган хүн ханджээ. Бүртгүүлэх иргэдийн тоо минут тутамд өсөж байгааг бүртгэлийн мэргэжилтэн хэлж байна. Иргэд бүртгэлийн хүснэгт дээрх нэг ч асуултыг орхилгүй хариулах ёстой бөгөөд ингэхдээ кирилл үсгээр бичих ёстой гэдгийг НОСК-иас анхааруулав.
Жишээ нь, “Өрхийн зээлтэй эсэх” гэсэн асуултын хэсэгт иргэд О цифр бичих атал, шууд “Зээлгүй” гэж бичиж байгаа нь алдаа аж.
Хоёрт, гар утсаар бүртгэхгүй, зөвхөн компьютер ашиглан цахим бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Учир нь хүн бүрийн гар утасны программ өөр өөр байдаг учир бүртгүүлэх боломжгүйг анхааруулж байна. “Бусдаар цахим бүртгэлд алдаа гарсан зүйл байхгүй, хэвийн ажиллаж байгаа. Манай байгууллага одоогоор зөвхөн иргэдийг бүртгэх ажлыг л хариуцан хийж байна” гэж НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм мэдэгдлээ.