Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл бөө болж “уг”-аа авсан бололтой юм. Элчин сайдынхаа яамны хашаанд овоо босгон гал тахиж бөөгийн шашны зан үйлийг сүр дуулиантайхан хийгээд амжжээ. Тэд чулуугаар тахилын овоо босгож, гал асааж, бүгд монгол дээлээ өмсч байгаад хэсэг бужигнасан бололтой. Монгол төрийн хар хүн гүйцэтгэхэд зохисгүй гэмээр энэхүү үйлдлийг гадаад, дотоодод хийж буй нь анхны тохиолдол биш. Өмнө нь төрийн өндөр дээд хэргэм зэрэгтэй хэд хэдэн хүн ийм ёслол хийж зайрантан, сахил санваартан гэдгээ харуулсан. Хэн нэгэн шашин шүтэх эрхтэй ч хаа газар мухар сүсгээр сүслэн ажил амьдралаа даатгана гэдэг шинжлэх ухаан хэт хөгжиж буй энэ эринд инээдэмтэй. Шууд хэлбэл “ажил, амьдралынхаа сайн сайхны төлөө залбирснаас зүтгэсэн нь дээр” гэдэг үзэл ноёлж ахуй энэ цагт манай өндөр, дээд албан тушаалтнууд харанхуй бүдүүлэг үеийн ухамсраар асуудалд хандаж байгаа нь харамсалтай.
Тэгэхээр одоо төр, шашин хоёрыг ялгаж ойлгох, улмаар хуульчлах хэрэгтэй байна. Төрийн албан хаагчдыг шашин шүтэхийг хориглох хэрэгтэй болж. Нэг бол төрийн хар хүн шиг ажиллах эсвэл шашин шүтлэг, сахил санваараа аваад мөрөө хөөх хэрэгтэй гэсэн хоёрхон сонголт тэдэнд бий. Уг нь Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг есдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг бол мөн зүйлийн 2-т “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалттай. Шашин, төр нэг байхаар улс орон яаж самуурдгийг Монголын түүх олонтаа харуулсан. Түүхэнд төр шашин нэг байсны уршиг тодоос тод бичигдэн үлдсэн учраас Үндсэн хуульд дээрх заалтыг тусгайлан оруулсан хэрэг.
Тиймээс монголчууд бид шинжлэх ухааны энэ эринд мухар сүсгийг таслан зогсоох хэрэгтэй байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж шашин шүтэж, сахил хүртэж болно. Гэхдээ бас Үндсэн хуулийнхаа “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалтыг мөрдөх хэрэгтэй. Нэг ёсондоо төрийн албан хаагч нь заавал шашнаа шүтэж, төрийн ажлыг шашны үзлээр, тэнгэр бурхнаас асууж явуулна гэвэл төрийн албанаас хөөдөг болъё. Шинэ байранд оруутаа л хонх дамар, хэнгэрэг цан цохиж, арц, ганга уугиулдаг нь бидний зан. Үүнээс улбаалаад төрийн ажлыг тэнгэр бурхнаас асууж явуулдаг жаяг, сүсэл тогтоод байна. Ламтанд шавилж, зайрантанд хадаг барьсан төрийн албан хаагчид “ажилдаа очиж болохгүй гэж зүүдлээд тасалчихлаа” гэж хэлэх нь энүүхэнд болсон учраас үүнийг заавал хуульчлах шаардлагатай мэт.
Л.ТӨР