Манай засаг төр өчигдрөөс хатуу хөл хориогоо суллаж, тэнэглэлээ хүлээн зөвшөөрлөө. Ковид урд хөршид гарсан сургаар ноднингийн нэгдүгээр сард хилээ хаалаа, төд удалгүй хөл хорьж, Цагаан сараа тэмдэглээгүй. Дараа нь гуравдугаар сард өнөөх франц нөхөр ковидтой ирснийг мэдээд дахин хөл хорьсон. Тэр үед дотооддоо алдаагүй байв. Үүний дараа өнгөсөн арваннэгдүгээр сарын 9-нд Энхсаран, Төмөр замын голомтууд илэрч эхэлсэн. Ингээд дахин хөл хорилоо. Одоо бол нөхцөл байдал хүндэрсэн. Ковидтой хоёр ч хүн нас барлаа. Нийт халдвар авсан хүний тоо 1442-т хүрч, эдгэрсэн нь 896 боллоо. Гэвч өглөө бүрийн албан мэдээгээр арваас дээш халдвар авсан тоо дурдах боллоо. Зарим халдвар авсан хүний тоо дөч гарч мэдээлэгдэж байна. Өвчин тархаагүй байхад хөл хориод сүйд болсон Засгийн газар өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байхад хөл хориог цуцалчихлаа. Өөрөөр хэлбэл, төр засаг биднийг өөрсдөө мэдэг гээд орхилоо. Тиймээс өөрсдөө л хичээцгээхээс өөр аргагүй боллоо. Амь амиа бодоцгоох цаг ирлээ.
Дотроо алдаагүй байж хөл хорио тогтоож, эдийн засгийн болон олон асуудал үүсгэсэн. Хүүхдүүдийн хичээл сургууль бол бүр замхарсан юм болсон. Анхны нөхцөл байдлаас өнөөгийн байдал бол өдөр, шөнө шиг ялгаатай байна. Нэгэнт дотроо алдсан энэ үед яах учраа олохоо байчихсан нь тодорхой боллоо. Удаан хориод байвал нөхцөл байдал хүндэрнэ. Одоогоор дал гаруй улс дотооддоо хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байгаа бөгөөд 120 гаруй улс сургууль болон олон хүн цугладаг үзвэр үйлчилгээний газруудыг хэсэгчлэн болон бүрэн хаагаад байна. Мөн зуу орчим улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаачихаад байна. Дэлхийн хаа сайгүй л ковидын дахин дэгдэлт үүслээ. Манай Ерөнхий сайд тог цахилгаан, дулаан тэглэж иргэдээ түр ч гэсэн тайвшруулсан. Гэвч хоорондоо авцалдахгүй шийдвэрүүд ар араасаа хөвөрсөөр л байна. Хоолны газар ажиллуулахыг зөвшөөрсөн хэрнээ 15 минут л үйлчлүүлж болно гэх жишээний.
Өнгөрсөн жилээс хойших хугацааны хөл хорио олон хүний бизнест нөлөөлсөн. Бид сургаар нь айж сандарсан хэрнээ энэ хооронд вакцинаа ч захиалаагүй, сонгуулиас сонгуулийн хооронд, улстөржөөд сууж байсан болж таарлаа. Дараа нь дотооддоо алдаад сандарлаа. Эхний халдвар тархалт Энхсаран, Төмөр замын голомтууд гээд тодорхой байлаа. Сая сүүлд хөл хориход зах замбараагаа алдсан. Бүхэл бүтэн байгууллагаараа, байраараа, орцоороо, хэд хэдэн эмнэлэг бүхэлдээ шахам халдварын голомт болов. Зарим дүүрэгт тэг зогсолт хийлээ. Ихэнх нь бөөнөөрөө цугласан. Баяр наадам тэмдэглэсэн, мөн хариуцлагагүйгээс болсон халдвар тархалт. Хатуу хөл хориод байхад гарч байсан болохоор одоо сулруулсан үед багасахгүй л болов уу. Угаас дэлхийгээрээ ид дэгдэлтийн үе болж байхад их ээ эрт хөл хорьж айлгаад байсан манай засаг төрийнхөн хөл хориогоо сулруулдаг нь ч ямар учиртай юм. Хөл хорио суларлаа гээд хөл хөөр болоод байх хэрэггүй ээ, иргэдээ.
Одоо эдийн засгийн хувьд ч нөхцөл байдлаа дийлэхээ байлаа. Хүмүүс ч залхчихсан байгаа. Одоо өөрсдөө л өөрсдөдөө итгэж, найдахаас. Өвчин хэвээрээ байгаа. Болж өгвөл гэртээ бай. Маскаа зүү, гараа угаа. Хүн бүр хичээе. Эргэж буцсан шийдвэр гаргаад байсан засаг төр, өөрсдөө мэд гээд орхиж байна. Хүн бүр хариуцлагатай байя.
Социализмын үеийн ховор хомс үед мах сүүндээ хүртэл дугаарлаж, тоотой хэмжээтэй ирдэг хүнс, бараанаас хоцорчихгүй гэж өглөө бүр оочерлож сурсан дадал монголчуудад бий. Дараа нь картын барааны хомс үе. Айл бүрт хэдхэн килограмм мах, гурил тарааж, лангуу хоосон байсан үеийн сэтгэхгүйнээсээ бид салаагүй. Дугаарлаж булаацалдах дуртай улс. Саяхан шинэ жилийн бялуунд яаж дугаарлав. Хөл хорио, гуч, дөчин хэмийн тэсгим хүйтнийг үл ажран дугаарлаж зогссон. Аминаас үнэтэй бялуу гэж юу байхав. Гэтэл тэгж бодоогүй, дугаарлаад л байсан. Нөөцийн махан дээр бас л амь тавин дугаарлаж, юун халдвар хамгаалал болсон шүү дээ. Бие биедээ шаарлага тавьж, суръя, хүн хоорондын зайгаа барьж суръя.
Дэлхийд газар нутгаараа дээгүүрт ордог юм байж гудманд яваа хүнээс зайгаа бариад явчихгүй, заавал мөрлөж гардаг хачин зуршлаа өөрчилье. Өлсөөд үхдэгтээ тулаагүй бол бялуу зэргийн төлөө эрсдэл үүрдгээ байцгаая. Олон олон шинэ жилийг угтахын тулд нэг удаа бялуугүй шинэ жилийг угтаж болно оо доо. Засгийн газраас энэ оны эхний улиралд вакцин оруулж ирнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ дөнгөж өчигдөр л ДЭМБ руу вакцин авах хүсэлтээ илгээсэн байх юм. Энэ их хөл хорио, энэ их анхааруулга, өдөр бүр нэмэгдэж байгаа халдварын тоог хараад вакцинаа захиж суухгүй яасан юм бол доо, манай төр засаг. Тэгэхээр тэр вакцин орж иртэл, орж ирээд танд хүртэл нэлээд хугацаа болох нь.
Угаас эхний ээлжинд хүн амын хорин хувьд буюу эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгойгийнхон, хил гаалийнхан, цагдаагийнхан, 55-аас дээш насныхныг дархлаажуулна гэсэн. Үүний дараа л идэр насныхан, хүүхэд залууст вакцин хийгдэнэ. Тэр хүртэл бид тэсэх хэрэгтэй байна. Эрүүл энх ирэх он жилүүдийг үзэж угтмаар байна. Дараагийн давлагаа нэг хэсэгтээ явна. Мэргэжлийн хүмүүс эхнээсээ хөл хорио сулруулж байгааг шүүмжлээд эхэлсэн байна лээ. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэх яг энэ үед хөл хориог суллаж байгаа нь буруу гэж тэд үзжээ. Хөл хорио суларна гэдэг нь өвчлөл гайгүй болсон гэсэн үг биш шүү. Анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, ойр тойрныхон, гэр бүлийнхэн, найз нөхдөдөө шаардлага тавьж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиарай. Аль болох гэрээсээ ажлаа амжуулаарай. Хөл хорио суларсан ч хариуцлагаа сулруулж болохгүй. Тэчьяадан бухимдан гарч гүйгээд байгаа хүмүүс минь эрүүл мэндийнхээ төлөө хэсэгхэн хугацаанд тэвчээрэй.
Д.ХҮСЛЭН