Categories
мэдээ цаг-үе

Төр нэг иргэнд газар өгөх гэж нэжгээд олон хүний өмчид халджээ

-Шог зураач С.Цогтбаяр: Оронд нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би баяртайгаар хамт нураалцана-

Баянзүрх дүүргийн нутаг, Бөхийн өргөөний хойд талд 30 гаруй айлын гараашийг уржигдраас албадан нурааж эхэллээ. Энэ талаар шог зураач, СГЗ С.Цогтбаяр facebook, twitter хуудсандаа мэдээлж, хүмүүсээс зөвлөгөө хүссэнээр олон нийтэд ил болсон юм. Тэрбээр цахим хуудастаа “Манай гараашийн газар жил болгон эзэмшсэн төлбөрөө төлж байсан кадастр дээр тэмдэглэгдсэн газар. Цэрэг цагдаатай ирсэн хүмүүсийн тайлбараар “Улс нийслэл газраа авж байна, урьд нь анхааруулсан” гэнэ. Ажил үүргээ гүйцэтгэж яваа энэ залууст юуны буруу байхав. Газраа авах нь хууль ёсны хэрэг боловч тэнд байгаа 30 гаруй иргэний багаар бодоход 200 сая төгрөгийн өмчийг хэн хариуцаж хохирлыг барагдуулах ёстой бол. Энэ хүмүүсийн хохирлыг зах зээлийн дунджаар бодоод барагдуулж нөхөн төлбөрийг нь өгөөд нураавал угаасаа үхэлдээд байх хүмүүс алга харагдана лээ. Миний хувьд ямар нэг бизнесгүй жирийн нэг иргэний хувьд 10 сая төгрөг бага мөнгө биш. Дээр нь өвөл дөхөж байхад гараашгүй болсон нь жинхэнэ асуудал. Шинээр авахад 20-30 сая төгрөг.

Наддаа л хөөрхөн асуудал биш үү? Тэгээд энэ газар дээр нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би энд оршин суудаг хүний хувьд хоёр гараа өргөөд дэмжинэ. Гэтэл хаа байсан Сонгино хайрхан дүүргийн нэг иргэнд Үйлчилгээний зориулалттай байшин бариулахаар захирамж гарсныг нь өнөөдөр л олж мэдлээ. Энэ чинь шударга ёс уу. Хэсэг иргэдээс хувийн өмчийг трактороор дайрч нурааж аваад танилтай нэгэнд нь өгдөг. Харин ч эндхийн хүмүүс орилж хашгирч дайрсангүй тайван хараад л нураалгалаа. Ихэнх нь эзгүй хөдөө гадаа явсан гэнэ. Амь биш заяа биш хэрэлдэж хэлэлцэх юм алга, зүгээр бухимдал төрж тэрийгээ та нартай хуваалцаж зөвлөх гэсийм. Ингэхэд бид ямар нийгэмд амьдраад байна аа? “Уур минь хүрч байна” гэж бичжээ. 

Өчигдөр түүнтэй уулзахад “Зах зээлийн дунджаар эзэдтэй нь үнийг нь тохироод нураавал эсэргүүцэх хүн байхгүй. Бас оронд нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би баяртайгаар хамт нураалцана” гэсээр угтсан юм. “Би эндэхийн хүн учраас гараашийн газар дээр тоглоомын талбай засч, зам тавибал баярлаад өөрийнхөө өмчийг хамт нураалцана. Төр өөрийнхөө газрыг авахыг эсэргүүцэхгүй. Гэтэл хүн бүр шахам орон нутагт амарч байхад эзгүйчилж хувийн өмчид бүдүүлгээр халдаж байгаад дургүй хүрч байна” гэж шог зураач С.Цогтбаяр ярьсан юм.  

Оршин суугчдын яриагаар уржигдар гэнэт машин техниктэй хүмүүс, цагдаагийн хамгаалалттай ирээд гараашуудыг нурааж эхэлжээ. Ингэхдээ хаалганых нь цоожийг эвдээд дотор нь байсан эд зүйлийг баримтжуулж авсан байна. Машин унааг нь шууд журмын хашаанд хүргэчихээд гараашийг нь нураасан гэнэ. Тэнд байсан хүмүүс “Нүдэн дээр өмчийг минь сүйтгэж байгааг харахад эвгүй юм билээ” гэж ярьсан юм. “Манайх 21 жилийн өмнө энэ гараашаа барьж байлаа. 21 жил гараашийн газартаа гэрчилгээ авъя гэж Баянзүрх дүүргийн газрын албанд хандсан. Тэгэхэд “Энэ газар нийслэлийн өмч. Доогуур нь дэд бүтцийн шугам явдаг тул энэ газрыг ямар ч хүнд өгөх боломжгүй гэсэн. Гэтэл өчигдөр хүний өмчийн газар гээд бидний гараашийг нурааж эхэлсэн. Машинаа гаргаагүй бол яах байсан бол. Баахан хагархай бетон, эвдэрхий төмөр хаалгатай үлдлээ” гэсэн гараашийн эзэн залуу ярьсан юм. 

Биднийг очиход аль хэдийнэ гурван айлын гараашийг нураагаад газрыг нь цэвэрлэчихэж. Газрын албатай гэрээгээр ажиллаж байгаа гэсэн дөрвөн залуу хаалгыг нь эвдсэн гарааш дотор сууж байв. Тэр гараашийн дотор талыг дулаалж багагүй тохижилт хийжээ. Гэтэл дулаалгыг нь хуу татаж хаяад нураахад бэлэн болгочихож. Тэд “Ингэсгээд газрын албаныхан унаа техниктэйгээ ирэх байх. Тэгээд л ажлаа эхэлнэ дээ” гэж ярьсан. Үлдсэн гараашнуудын үүдэн дээр газар албадан чөлөөлөх тухай мэдэгдэл наажээ. Хоёр сарын өмнө ийм мэдэгдэл авсан иргэд орон сууцныхаа СӨХ-той ярилцаж байгаад Баянзүрх дүүргийн газрын албанд очсон байна. Тэгэхдээ чөлөөлөх газрыг нийслэл мэдэлдээ авахгүй, Сонгинохайрхан дүүргийн иргэн үйлдвэр, үйлчилгээний объект барихыг мэджээ. Ингээд 300 гаруй иргэн орон сууцныхаа дэргэд үйлдвэр үйлчилгээний барилга барихыг эсэргүүцэж байгаа утга бүхий бичигт гарын үсэг зурж өгчээ. Мөн өнгөрсөн хугацаанд гараашийн газар ашигласны төлбөрөө цаг тухайд нь төлж байсан баримтаа хувилж өгсөн гэнэ. Ингээд байж байтал гэнэт нурааж сүйтгэх ажил эхэлсэн нь энэ. 

Газар чөлөөлөх мэдэгдэл барьсан төрийн албан хаагчид оршин суугчдад шүүхээр заргалдахыг зөвлөжээ. Гарааш, ТҮЦ-ийн газрыг түр ашиглах дүрэм, журамтай учраас ямар нэгэн гэрчилгээ байдаггүй. Харин газар ашигласны төлбөрөө иргэд тухай бүрт нь төлөх үүрэгтэй. Тиймээс төр газраа авна гэхэд эсэргүүцэх хүн байхгүйг тэд хэлж байсан. Харин газар дээр байгаа хувь хүний өмч хөрөнгийг хуулиар түрий барьж сүйтгэж байгаад бухимдалтай байгаагаа хэлсэн. Төр хуулиар түрүү барьж нэг хүнд газар өгөхийн тулд нэжгээд олон хүний өмчийг сүйтгэж байгаа нь шударга ёс мөн үү гэдэгт иргэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Өчигдөр шог зураач С.Цогтбаярын цахим хуудсаар энэ мэдээлэл түгэхэд олон хүн үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Тэдний дунд газар чөлөөлөх нэрийдлээр гараашаа, ТҮЦ-ээ буулгуулсан хүн олон байлаа. Тэд бүгд энэ үзэгдлийг хуулиар далайлгасан төрийн дээрэм гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Зарим тохиолдолд гараашийн газар дээр давхар зогсоол барьж эздэд нь давуу эрхтэйгээр гарааш өгөх зарчмаар тохиролцож байгааг ч онцолж байсан юм. Хэрвээ хүмүүсийн гарааш байсан газрыг өөр нэгэнд өмчлүүлж, эзэмшүүлж байгаа бол ийм тохироо хийх боломжийг төр олгох ёстойг иргэд хэлж байлаа.

Н.Батсүх: Сонгинохайрхан дүүргийн иргэнд олгогдоод удаж байгаа газар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бөхийн өргөөний хойно 30 гаруй айлын гараашийг нурааж эхэлжээ. Ямар үндэслэлээр газар чөлөөлж байгаа юм бэ? 

-Төрийн албаны аливаа үйл ажиллагаа нь хууль, журмын дагуу явагддаг бөгөөд ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр тэр тусмаа  иргэнийхээ өмч, хөрөнгөд шууд явж очоод халддаг гэсэн ойлголт хаана ч байдаггүй. Улаанбаатар хотод байгаа эмх замбараагүй зохион байгуулалтгүй, орчны эрүүл ахуй болон хүн амын эрүүл мэндэд нөлөөлөхүйц бохирдолтой, төлөвлөлтгүй автогражуудыг эмхэлж цэгцэлж, нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх нь хуулиар хүлээсэн төрийн өөрийнх нь үүрэг юм. ТҮЦ, Павильон, гарааш, контейнер, өргөтгөл нь түр байгууламж. Уг байгууламжийн эзэн нь төрийн буюу нийтийн эзэмшлийн зам талбай газрыг ашигласны төлбөрт тухайн  нутаг дэвсгэрийн Өмч, газрын харилцааны албатай Газрын төлбөр тогтоох тухай актаар газрыг түр хугацаагаар эзэмшиж хугацаагаа сунгуулаад явдаг бөгөөд шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр газар чөлөөлж өгөх үүрэгтэй байдаг. Тухайн гараашийг түр эзэмшигчид газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамж гардаггүй. 

-Газар чөлөөлөх нэрийд­лээр хувийн өмчид ингэж халдаж болдог юм уу?

-Төрийн алба хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зохих шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь иргэн, хуулийн этгээдэд бүх талаар нээлттэй байгаа. Нэгэнт албадан чөлөөлөхөд өртөгдсөн объектийн эздийн хувьд тухайн объектийнхоо эдийн засгийн өртөгт асуудлыг ту­хайн шатны шүүхэд болон төрийн холбогдох байгууллагад хандах эрх нь хуулиар нээлттэй. 

-Танай албаныхны чөлөөлсөн газрыг хувь хүн авсан гэдэг үнэн үү?

-Сонгинохайрхан дүүргийн иргэнийх гэдэг нь үнэн. Энэ шийдвэр гараад олон жил болж байгаа юм билээ. Лав 2012 оноос өмнө байх. 

-Ямар зориулалтаар ашиглах юм бол?

-Үйлдвэр, үйлчилгээний байгууламж барих зориулал­таар газар авсан байна лээ. 

-Гараашийн эзэд чө­лөөл­сөн газар дээр тоглоомын талбай, зам баривал эсэргүүцэх зүйлгүй. Нэг хүнд газар өгөхийн тулд нэлээд олон хүний хувийн өмчид халдаж байгааг ойл­гохгүй байгаагаа илэрхийлж байсан.

-Олон жилийн өмнө дээрх шийдвэр гарсан гэж хэлсэн шүү дээ. 

-Ядаж гараашаа эвдүүл­сэн иргэдэд нөхөн олговор олгох талаар газрын эзэнтэй холбож, тохиролцоо хийхэд нь туслах боломж байгаагүй юм уу?

-Тэр хүмүүсийн тухайд газар эзэмших ямар нэгэн гэрчилгээ, баримт бичиг авдаггүй гэж дээр тайлбарласан шүү дээ. Гэхдээ шүүхэд хандах эрх хүн бүрт бий гэв.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *