Categories
мэдээ спорт

Түр хорооныхон шүүхэд ханджээ

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хороо шүүхэд албан ёсоор ханджээ.

Хугацаандаа хуралдалгүй хэдэн жил өнгөрч байгаа Их хурлаа хуралдуулж, холбооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой тодорхой маргаантай асуудлуудыг цэгцэлж, албан ёсоор удирдлагаа сонгох зорилго агуулан байгуулагдсан Түр хорооныхон МЧБХ-нд Их хурал хуралдуулах тухай шаардах бичиг хүргүүлсэн ч одоо болтол энэ санаачилга ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна.

Тиймээс Түр хороо МЧБХ-той асуудлаар шүүхэд хандаж, асуудалд хуулийн дагуу хариу хүлээхээр болсон байна.

Шүүхэд хандсан үндэслэлийн гол агуулга нь Их хурал хугацаандаа хуралдаагүй тухай болон одоогийн холбооны бүтэц, удирдлага албан ёсных мөн эсэх, 2013 онд Монголын чөлөөт бөхийн холбооны үүсгэн байгуулагчдын хурал хуралдаж, холбооны дүрмийг өөрчилсөн нь хууль зөрчсөн эсэх зэрэг асуудал болон санхүүгийн зарим тоо баримттай холбоотой аж.

Тухайлбал, 2013 онд Монголд зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний зардалтай холбоотой асуудал бий аж.

Засгийн газрын тогтоолоор эл тэмцээнийг зохион байгуулах зардлыг улсаас гаргасан бөгөөд тухайн үед нь олгоогүй ч тогтоолын дагуу заавал нөхөж олгох ёстой. Улсаас өгсөн мөнгө, гадаадаас ирсэн тамирчдын хураамж, ивээн тэтгэгчдийн мөнгө гээд энэ тэмцээний санхүүгийн тайлан болон 2013, 2014 оны тайланд тусгагдаагүй зарим асуудал, зөрүүтэй тоо баримтыг Түр хорооныхон шаардаж байгаа юм байна.

МЧБХ-ны эргэн тойронд өрнөж буй шинэ мэдээлэл гэвэл энэ амралтын өдрүүдэд чөлөөт бөхийн өсвөр үеийн “Asashoryu Cup-2015” анхдугаар тэмцээн Улаанбаатар хотноо болох гэж байна.

Харин холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хороог дэмжин, үзэл бодлоо илэрхийлж, гарын үсэг цуглуулж эхлээд буй шигшээ багийн багш, дасгалжуулагчид Орхон аймгийн “Олимп” бааз руу бэлтгэлд гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *