НҮБ-ын Хүн амын сан, ЗДТГ хамтарсан санхүүжилтээр хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Түр хамгаалах байр”-ыг өргөжүүлэн “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв” болгон нээлээ.Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн санаачлагаар 2017 оны 06 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг нийслэлийн хэмжээнд анхдагч болон нээсэн. Ингэснээр дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг цаг алдалгүй хүлээн авч, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, холбон зуучлах нийгмийн ажил үйлчилгээнүүд мэргэжлийн түвшинд хийгдэх боломж бүрдсэн юм. Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийн нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга Н.Батбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, НҮБХАС-ийн суурин төлөөлөгч хатагтай Наоми, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгч нар оролцлоо.