Засгийн газрын зүгээс зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн. Тэгвэл өнөөдөр МҮЭ-ийн холбоо Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийлээ. Тус цуглаанд Монголын ҮЭ-ийн холбооны удирдлагууд аймаг нийслэлийн ҮЭ-ийн холбооны дарга нар болон төлөөлөгчид оролцов. Жагсаалын нээж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар үг хэллээ.
Монголын Эрчим Хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн Холбооны дарга Х.Буянжаргал “Бид Монгол Улсын Засгийн газраас гаргасан татварын нэмэгдэл, тэтгэврийн нас нэмсэн асуудлалд эсэргүүцлээ илэрхийлж байна. Өнөөдөр Монголын аймаг бүрээс гишүүд, хөдөлмөрчид цугласан. Тийм учраас бид Монголын эрчим хүч геологийн үйлдвэрчний холбоо уурхайчид болон эрчим хүчний ажилтнуудынхаа эрх ашгийг хангахаар энд хүрч ирээд байна.
Монгол Улсын төр ард түмнийхээ төлөө байгуулагддаг. Үүнийг олон удаа хэлж байгаа. Монголын ард түмний төлөө байгуулагдсан Засгийн газар ард түмнийхээ үгийг сонсох ёстой. Сонсохгүй байгаа учир ард түмэн бид талбай дээр бухимдлаа илэрхийлж байна. Тийм учраас дараагийн шатны арга хэмжээ нь Улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд энд ирсэн хүмүүс бүгд гарын үсгээ зурж өгнө. Хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах бодолтой байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт заасан Бүх хүн хуулийн өмнө тэгш байх ёстой. Яс үндэс, арьс өнгө, хөрөнгө чинээ бүх зүйлээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж байгаа. Тэгэхэд одоо хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж байна. Хөрөнгө чинээ гэдэг нь ажилчин хүний хувьд зөвхөн цалин. Цалингаар нь ялгаварлаж асуудалд хандаж байна. Хөдөлмөрийн нөхцлөөр нь ялгаварлаж байна. Тийм учраас бид үндсэн хуулийн цэцэд хандана” гэв.
Жагсаалд оролцогч Оюутолгой ХК-ийн ажилтан С.Туяацэцэг “Би Оюутолгой төсөлд ажиллаж байгаа уурхайчин эмэгтэйчүүдийг төлөөлөн энэхүү цуглаанд оролцож байна. Бид жилийн 200 гаруй хоног уурхайн талбар дээр ажилладаг. Хүнд халуун хортой нөхцөлд ажиллаж байна. Гэвч энэ нөхцөлд ажилласныхаа төлөө хөдөлмөрийн хуулийн дагуу авч байгаа нэмэгдлүүд цалингаасаа яагаад илүү татвар төлөх ёстой гэж. Олон улсын вальютын сангаар далимдуулан алдаатай шийдвэрүүдийг буцаан татаж авах, энийгээ зогсоох тал дээр бид гар тэмцэж байна.
-Эмэгтэй хүний хувьд гэр бүл хүүхдүүдээсээ хол хөндий амьдарна гэдэг хүн шүү дээ?
-Биднийг чинээлэг дундаж давхарга гэж байгаа боловч чиргүүл ихтэй. Яагаад гэвэл бидний ард үр хүүхэд байна. Мөн хажуугаар нь эмээ, ээж нарынхаа сүү, эмчилгээний мөнгө болон дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлж байна. Хэн нэгэн хүнд асуудал гархад бид ямар нэг хэмжээгээр дэмжлэг үзүүлж, буяны үйлс хийдэг” гэж ярилаа.
Б.АМАРТҮВШИН