Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам тээврийн сайд М.Зоригтод хаягласан “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатарын тухай албан бичиг энэ өдрүүдийн дуулианы нэг байлаа. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг 2014 оноос эхэлсэн. Хоёр тал тус хөтөлбөрийн төслийн ихэнх заалтыг тохирсон хэдүй ч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-ын үл хөдлөх өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эдгээр хоёр асуудал Оросын талтай саналын зөрүүтэй байгаагийн улмаас хөтөлбөр өнөөг хүртэл байгуулагдаагүй байна.
Тухайлбал, 1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байсан. Гэвч сүүлийн үед Оросын тал тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлээд байна. Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг (УБТЗ ХНН)-ийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна. Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье. Хувийг Зам, тээврийн сайд М.Зоригт танаа” гэсэн мэдэгдэл хүргэсэн юм.
Л.Пүрэвбаатар: МОНГОЛ, ОРОС, ХЯТАД УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ТЭЭВЭР-ЛОГИСТИКИЙН КОМПАНИ БАЙГУУЛАХААР ЯРИГДАЖ БАЙГАА ЗҮЙЛ. НАДАД ОГТ ХАМААГҮЙ ШҮҮ ДЭЭ
Дээрх мэдээлэл хийсний дараа “Улаанбаатар Төмөр Зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатар уг албан бичигтэй холбогдуулан сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдэг энэ байгууллагыг 1949 онд байгуулсан. Хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдэг нь хувьцаат компанитай төстэй. Хаалттай хувьцаат компани гэж хэлж болно. Л.Пүрэвбаатар гэдэг хүн Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга биш, ерөнхийлөгч, ерөнхий захирал ч биш. Би Замын дарга гэдэг албан тушаалтай. Замын дарга гэдэг албан тушаалтан галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн байдлаар удирдаж, зам засвар, арчилгааг нэгдмэл технологиор хэрэгжүүлдэг албан тушаалтан. Гэтэл өглөөнөөс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг буруутгасан өнгө аястай мэдээлэл цацагдлаа. Миний хувьд тэр мэдээлэл ойлголцлын юм уу, томъёоллын зөрүүнээс үүдэлтэй гэж бодож байгаа. Тухайн мэдээллээр бол Замын дарга хувьцааны талаар ярьж хэлдэг. Хувьцааг хуваарилж, хүргэдэг хүн болж харагдаж байна. Энэ бол Замын даргын үүрэгт хамаарахгүй зүйл. Гадуур цацагдаж байгаа мэдээлэлд Монгол, Орос, Хятад гурван улсын талаар яригдаж байгаа. Энэ гурван улсын талаарх яриа хаанаас гарсныг би та бүхэнд тайлбарлаж өгье. “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр” гэж байгуулагдсан. Уг хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Зам тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ыг төлөөлж “Оросын төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.И.Якунин нар гарын үсэг зурсан байна. Тус хэлэлцээрийн 4.2-т “УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Талууд холбогдох бизнес төлөвлөгөө гаргасны дараа энэхүү хэлэлцээрийн Талууд болон бусад сонирхсон талуудын оролцоотойгоор тээвэр-логистикийн компани байгуулахаар тохиролцов” гэсэн байгаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд Гадаад яамны шугамаар Монгол, Орос, Хятад гурван улсын яриа хэлэлцээр явагдаж, тээвэр-логистикийн компани байгуулахаар яригдаж байгаа. Тэгэхээр энэ компанийн хувьцааг Монгол, Орос, Хятад гэсэн гурван улс эзэмшинэ гэсэн үг. “Улаанбаатар Төмөр Зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг бол хоёр улсын хамтарсан байгууллага. Харин тээвэр-логистикийн компани бол гурван улс хувьцаа эзэмшдэг байхаар төлөвлөж байгаа, одоогоор байгуулагдаагүй компани. Энэ компани байгуулагдвал төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, УБТЗ, барилга ашиглалтын компани болно. Тээвэрлэлтийн компанийн 51 хувийг Монгол Улс эзэмших, ер нь гол цөм нь УБТЗ байх бодлогыг бидний зүгээс барьж байгаа. Замын даргын хувьд би Монгол, Оросын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, компанийн удирдах ажил, тэр дундаа хувьцааны асуудалд оролцох боломжгүй. Миний хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг гэдгийг хэлмээр байна. Надад гадаад дотоод гэрээ хэлэлцээр хийж явах шаардлага байхгүй. Надад хариуцлага тооцох талаар мөн бичсэн байна лээ. Төмөр замын асуудлаар буюу тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй байдал, замын арчилгаа, засвар үйлчилгээ, ажилчдын цалин тавихгүй байх гэх мэт асуудлуудад би 100 хувь хариуцлага хүлээх үүрэгтэй ажиллаж байгаа. Харин хувьцааны асуудлаар хаанаас, хэнээс, ямар хариуцлага хүлээх ёстойгоо ойлгохгүй байна” гэсэн юм.
“ГУРВАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР ШИЙДВЭРЛЭСЭН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ” ГЭВ
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам тээврийн сайд М.Зоригтод хаягласан мэдэгдэл болон “Улаанбаатар Төмөр Зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатар нарын хийсэн өөр зөрүүтэй хоёр мэдэгдэл ямар учиртай вэ. Энэ талаар УБТЗ-д ажилладаг нэрээ ил гаргахыг хүсээгүй нэгэн эрхэмтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
–УБТЗ-ын үндсэн чиг үүргийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-УБТЗ-ын үндсэн гол үүрэг Монгол Улсын газар нутгаар явж байгаа ачаа тээврийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж ажиллах чиг үүрэг, зорилготой. УБТЗ хоёр улсад зориулсан үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Ашгийн бус үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн тасалбараас гэхэд ашиг олох нь битгий хэл дандаа алдагдалтай ажиллаж байсан. Жилдээ 25 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Нүүрс тээврийн зардлаас гэхэд нийт олох ёстой ашгийн ердөө 45 хувийг л олдог. Төмрийн хүдэр болон жонш тээвэрлэлтээр ашигтай ажиллаж ирсэн. Харин өнгөрсөн сарын 1-нээс эхлэн 80 хувийн ашигтай ажиллаж байгаа.
– ОХУ манай улсын төмөр замд хятадууд орж ирэх болсон талаар тодорхой мэдээлэл байна уу?
-Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын удирдлагууд төрийн уулзалт хийсэн. Гурван улсын төрийн тэргүүний уулзалтаар транзит тээврийн талаар ярилцаж хамтран ажиллах шийдвэр гаргасан байдаг. Энэ нь УБТЗ-тай огт холбоогүй. Гурван улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд транзит тээвэр хийгдэхээр болсон юм. Үүнд, ОХУ, манай улс нэгдсэн байр суурьтай байсан. Гурван улсын төрийн тэргүүн уулзах үеэрээ яригдаж шийдвэрлэсэн зүйлийг мушгин гуйвуулаад байгааг ойлгохгүй байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд эдийн засгийн хамтын ажиллагааны газрын албан тушаалтан буруу ташаа мэдээлэл өгсөн юм шиг байна лээ. Л.Пүрэвсүрэн сайдын гаргасан мэдэгдэлтэй холбоотойгоор ОХУ-ын тээврийн дэд сайд, УБТЗ-ын ерөнхий хорооны дарга нар албан бичиг манай улс руу явуулж байгаа гэсэн. Энэ сарын 26-нд Ерөнхий сайд болон Зам тээврийн сайд нар ОХУ руу ажлын айлчлал хийнэ гэсэн. Айлчлал хийгдэх гэж байгаа энэ үеэр УБТЗ-ын нэр хүндийг унагах гэсэн бодлого явж байгаа бололтой гэв.
Э.БААТАР
Ж.БАЯР