МТЗ-ыг мэргэжлийн хүн удирдаж байгаа ч удирдлагын баг ялангуяа орлогч дарга нарыг мэргэжлийн бус хүмүүс хашиж байгаа нь салбарын үйл ажиллагааг доголдуулахад хүргэж байна гэж Монголын төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хороо үзэж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тэд МТЗ-ын удирдлагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, шаардлагатай томилгоонуудыг нэн яаралтай шийдвэрлэхийг хүсч, салбар яам болон Засгийн газарт шаардлага хүргүүлснээ дурдлаа.
“Хэдийгээр өнгөрөгч 9-р сард дарга нарын томилгоо хийгдсэн ч одоог хүртэл дэд дарга нарыг томилж чадаагүй байна. Тиймээс өмнөх дарга нар ажлаа хийхгүй, халагдах өдрөө хүлээж байгаа. Энэ хугацаанд дарга нарын томилгооны асуудалд ОХУ-ын тал дургүйцэлтэй хандаж, нэн даруй томилгоогоо хий гэсэн шаардлагыг тавьсан” гэж Монголын төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн Б.Баяраа ярьлаа.
Мөн шинээр байгуулагдсан Засгийн газар Төмөр замын салбарт өмнө нь байгаагүй дөрвөн шинэ албан тушаал нэмж, орлогч дарга нарын орон тоог нэмсэн нь бүтцийг данхайлгаж, төсвийн мөнгө үрэгдэх шалтгаан болж байгааг Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ онцолж байлаа.