Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2015.03.06/ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлын явцтай танилцав.
Тавантолгойгоос-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажил 2013 оны 5 дугаар сард эхэлснээс хойш хоёр жил ажил хэвийн үргэлжилж далангийн ажлын гүйцэтгэл 86 хувь, хоолой, гүүрийн ажил 63 хувьтай явагдаж байгааг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ УИХ-ын даргад танилцуулсан юм.
Мөн тэрээр, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Солонгосын “Samsung C&T” компани ажиллаж байгаа бол зөвлөх компани буюу гэрээний ажлын хяналтыг Германы “Дойчэ бан интернешл” компани тавьж ажиллаж байна. Түүнчлэн “Монголын төмөр зам” ТӨХК өдөр тутмын үйл ажиллагаа, барилгын ажлын явцад захиалагчийн хяналт тавьдаг болохыг онцлов.
Тус чиглэлд тавигдаж буй 267 км төмөр замын ажил хоёр жилийн дараа дуусах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний үр дүнд эдийн засгийн болон экологийн өндөр ач холбогдолтой талаар мөн мэргэжилтнүүд онцлон танилцуулж байсан. Тодруулбал, уурхайгаас нүүрсийг хүнд даацын автомашинаар тээвэрлэхэд ихээхэн шороо тоос босдог нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг. Харин тус төмөр замаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай учир хүнд даацын машин ашиглах шаардлагагүй болно. Нөгөөтэйгүүр, тээврийн хөлсийг хоёр дахин бууруулах учраас эдийн засгийн үр ашиг өндөр, улмаар Монголын эдийн засаг, ДНБ-ий өсөлтөд эерэгээр нөлөөлнө хэмээн тооцож буйг төслийн багийнхан УИХ-ын даргад танилцууллаа.
УИХ-ын дарга З.Энхболдыг Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлын үйл явцтай танилцахад УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.