Categories
мэдээ цаг-үе

​Төмөр замын бичиг баримт, ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээний хариу сөрөг гарчээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15956 хүнээс 15892 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 64 хүн хамрагдаагүй байна. Төмөр замын хэмжээнд 963 ажлын байрны 38.534 ам.метр талбайд, гэрээт байгууллагаар 324 ажлын байрны 9702 ам.метр талбай, 75 зүтгүүр, 12 галт тэрэг, 600 чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна.

Тээврийн бичиг баримт, зарим ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгээс 42 байгууллагын 420 хүнд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, 17 байгууллагад хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж. Өнөөдрийн шуурхай бүлгийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд албаныханд үүрэг даалгавар өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *