Categories
мэдээ нийгэм

Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 7 хувиар нэмэгджээ

Төмөр замаар энэ оны эхний 11 сард 29.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (7 хувь) сая тонноор нэмэгдлээ.

Төмөр замаар тээвэрлэсэн ачааны өсөлтөд дотоодод тээсэн ачаа 1.4 (13.9 хувь) сая, импортын ачаа 295.1 (10.7 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Төмөр замаар тээсэн ачаа энэ оны 11 дүгээр сард 2.7 сая тонн болж, өмнөх сарынхаас 119.5 (4.2 хувь) мянган тонноор багасжээ. Үүнд төмрийн хүдэр 91.4 (14.7 хувь) мянган тонн, барилгын материал 86.3 (32.5 хувь) мянган тонноор багассан нь нөлөөлсөн аж.

Төмөр замын тээврээр энэ оны эхний 11 сард уул уурхайн бүтээгдэхүүн 1 (6 хувь) сая тонн, барилгын материал 710.1 (32.8 хувь) мянган тонн, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 22.3 (11.8 хувь) мянган тонноор нэмэгдэж, харин хар төмөр 77.8 (24.1 хувь) мянган тонн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 20.8 (11.2 хувь) мянган тонноор багассан байна.

Төмөр замаар зорчигчид энэ оны эхний 11 сард 248.8 (давхардсан тоо) мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (87.3 хувь) сая хүнээр багаслаа. Үүнд “Ковид-19” өвчнөөс үүдэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдон зорчигч тээврийг хязгаарласан нь нөлөөлжээ.

Төмөр замын тээврээр зорчигчид энэ оны 11 дүгээр сард 102 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 18.9 (22.8 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 11 сард 726.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.9 (2.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд барилгын материал, нүүрс тээвэрлэлт өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

Төмөр замын тээврийн орлого 11 дүгээр сард 66.3 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 1 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *