Монгол Улсын хөдөлмө¬рийн баатар, гавьяат тээвэрчин Раднаабазарын Раштай хууч хөөрч өнжлөө. Дундговийн зон олны итгэлийг хүлээж Их хуралд найман жил суун төр түшилцсэн, С.Баярын Засгийн газрын үед Зам тээ¬вэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан уг эрхмийг төрийн түшээ, сайд гэхээсээ илүү “Төмөр замын” хэмээн тодотгох нь бий. Энэ нь ч аргагүй юм. Тэрээр далан найман оны наймдугаар сарын зургааны өдөр Чойрын өртөөний жижүүрээс ажлын гараагаа эхэлж, дарга даамлыг нь хүртэл амьд¬ралынхаа дийлэнх он жилүүдийг ган замчдын дунд өнгөрүүлсэн нэгэн. Өөрийнх нь хэлснээр “буг” болтлоо ажиллажээ. Өнөө хэр нь Төмөр замдаа харьяалагдаж байна. Вокзалын зүүн хойд талын байранд нь хүрч очлоо. Хөдөлмөрийн баатар маань гэргий, бага охиныхоо хамт угтав.
Зочны өрөөнийхөө ханын шүүгээнээс даалин хөөргөө авчраад цагаан хөөргөөр тамхиллаа. “Намаржаа сайхан уу, мал сүрэг мэнд үү, ажил алба тавтай юу” хэмээсэн нь уулзсан нэгэнтэйгээ “сайнуу, юу байна, өглөөний мэнд” гэсхийгээд өнгөрдөг надад их сайхан сэтгэгдэл төрөөд явчихлаа. Нуруу тэнийгээд айван тайван болоод явчих шиг. Гэргий бага охин хоёр нь цай цүй гээд гал тогооныхоо өрөөнд наана цаана болох зуурт зочны өрөөнийх нь ханан дахь гэр бүлийнх нь зургийг сонирхлоо. “Манайх чинь хоёр охинтой айл” гэж гэрийн эзэн өгүүлснээ “Том охин маань Их хурлын Тамгын газар ажилладаг юм. Одоо хүүхэд гаргаад гэртээ байгаа” гэв.
“1978 оны зургадугаар сарын 13-нд том охин Оргилмаа Ленинград хотод төрж, би гурав хоногийн дараа буюу 16-нд дипломоо хамгаалж төмөр замын инженер болж байлаа. Энэ бол миний амьдралд тохиолдсон баярт мөчүүдийн нэг, оюутан цагийн мартагдашгүй дурсамж. Том охинд маань Оргилмаа гэдэг нэрийг манай сургуулийнхан өгсөн юм. Фонтанка гэдэг нь манай сургуулийн урдуур урсдаг голын нэр. Түүний нэрийг монголчлон эхний үе болгон авч түвдээр эмэгтэй, эх дагина гэсэн утгатай “маа”-г залгаж бүтээсэн утга учиртай нэр. Намайг сургуулиа төгсөөд диплом хамгаалах үеэр аав, хадам ээж хоёр минь очсон байсан. Нутаг руугаа хөдлөхийн өмнөхөн аав “Миний хүү сургууль дээрээ очоод сургуулийнхаа хаалганд мөргөөд нэг адис авчих” гээд явуулж билээ. Тэнд нэг учир начир байсан байх гэж одоо хэр нь боддог юм. Нутаг руугаа буцаж явахдаа “Би энэ сургуулийн хаалгаар дахин орох ч билүү, үгүй ч билүү хэн мэдлээ” гэж бодож байлаа. Гэтэл хувь тавилан хөтөлж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2009 оны өвөл ОХУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан Москвад очих үеэрээ сургуулийнхаа 200 жилийн ойд оролцох завшаан тохиосон” хэмээн дурсамж дурдатгалаасаа хуваалцлаа.
Раш баатрын гэргий Мягмарсүрэн гэж нүдээрээ инээд алдсан даруухан эмэгтэй байна. Украины Киев хотын технологийн дээд сургуулийг төгссөн хөнгөн үйлдвэрийн инженер, зохион бүтээгч мэргэжилтэй нэгэн ажээ. Гутлын үйлдвэрт мэргэжлээрээ олон жил ажилласан гэнэ. “Сүүлд үйлдвэрийнхээ хажуугаар явахад өөрийн эрхгүй харамсах сэтгэгдэл төрдөг байж билээ. Ямар сайхан үйлдвэр байлаа, яаж зүтгэж явлаа гэж бодогддог юм билээ” хэмээн Мягаа эгч бодлоо хуваалцсан юм. Тэрээр туйлын даруу нэгэн. Хөгшинтэй нь хууч хөөрч байхад барагтай бол зочны өрөөгөөр орохгүй. Хэрхэн танилцсан талаар нь хэрэг болгон асуухад “Бид хоёр далан долоон онд танилцаад Москвагийн Элчин дээр бүртгүүлж байлаа. Хоёулаа оюутан байсан үедээ” гэх товчхон хариултыг өгсөн. Баатрынх одоогоор хоёр зээтэй болоод байгаа гэнэ. Том охин Оргилмаагийнх хоёр хүүхэдтэй гэнэ. Эхний зээ хүүдээ Раш гуай Цэрэнноров гэдэг нэрийг өгчээ. Төмөр замд нэгдүгээр орлогч даргаар 23 жил ажиллаж, Монголын талаас удирдсан хүний нэр гэдгийг гадарлах хүмүүс нь гадарлаж байгаа байх. “Төмөр замын хүн болоорой гэсэндээ биш бэлгэшээж л өгсөн хэрэг” хэмээн манай хүн мушилзаж суулаа. Бага охин Ундармаа нь Хятадад сурч байгаа гэнэ. Амралтаараа аав ээждээ ирчихээд байгаа бололтой.
Юунаас ч боллоо доо, Раш гуайтай судар номын талаар яриад явчихсан. “Ээж маань судар номтой сүрхий хүн байсан. Миний мэдэх гэж юу байхав. Ганц нэг тарнитай л хүн. Харин өөрт минь өлзий болох байх гэж бодоод өглөөдөө төв гандангаа нэг тойрч алхдаг юм” гээдэхэв. Баатар өглөө долоон цагийн алдад гэрээсээ гарч алхуулсаар Гандантэгчинлэн хийд, Мэгжиджанрайсиг шүтээнээ нар зөв тойрон гороолчихоод гэртээ ирдэг байна. Гандантэгчинлэн хийд гэснээс Чой хамба Раш баатар хоёр нэг ангийн нөхөд юм билээ. Рашийгаа улс төрд хүч үзэн Дундговьд нэр дэвшихэд “Раш бол УИХ-д хэрэгтэй хүн” гэж хамба маань сүрхий улс төржөөд “Бид хоёр арван жилийн 28 дугаар сургуульд хамт суралцаж байлаа. Тэр үеэс бие биенээ сайн мэднэ. Их төлөв даруу хүүхэд байсан юм даг. Дараа нь Ардын их хурлын депутатаар сонгогдож Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хамт баталсан түүхэн барилдлагатай хүмүүс” хэмээх батлан даалтыг говийн аараг толгод руу илгээж байсан удаатай. 28 дугаар сургуульд Чой хамбаас гадна Сангийн сайд Ч.Улаантай хамт нэг танхимд аравдугаар ангиа дүүргэсэн гэж байгаа. “Манай Улаан бол тоо физиктээ гаргуун, тун цэвэрч нямбай хүүхэд байж билээ” гэж дурссан юм.
“Та ойрд өнөө хэдтэйгээ уулзаж байна уу” гэж яриан завсар асуугаад авлаа. “Өнөө хэд” гэдгийг манай хүн шууд ойлголгүй хаачихав. Саарал ордонд найман жил суусан төрийн түшээд их л дотно сонсогдсон байх. -Саяхан үсээ засуулангаа ордон орлоо. -Өө тийм үү, та ордныхоо үсчинд засуулсан хэвээр байгаа юм уу.
-Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр тийшээгээ сажлах юм. Тэгж нэг очихдоо саяхан Нямдорж таарлаа. Цаад чинь тун давгүй эр хүн ш дээ. Бид хоёр баахан ярьж зогслоо. –Та хоёр тэгээд юу ярив даа. –Украин Оросын асуудлыг ярьсаар байгаад хамаг цагаа авсан гэв. “Өнөө хэд”-тэйгээ гэх асуултаас улбаалаад бид хоёрын хооронд ийм яриа өрнөөдөхөв. “Гэр бүлийн найзууд юу билээ” гэж асуухад “Их хурал талдаа бол Одбаяртай холбоотой. Тэрбишдагва сайдтай тун дажгүй. Хөвсгөлийн Даваасүрэнтэй хааяа бүр ахаа эгчээ” гэлээ. За тэгээд Нямдорж, Лүндээ хоёроо нэрлэсэн. Эд бол улс төрийн хүрээнийхэн нь. Урлаг, спорт, төмөр зам гээд явбал тоо томшгүй олон хүний нэр дурсагдах ажээ.
“Оройхондоо Өлзийт хорооллын тийшээ морь мал руугаа очдог юм билүү” гэв. Мань хүний уг ярианаас үүдэн, ханын шүүгээний дээд талд зэрэгцүүлж өрсөн баахан “морьд”-той холбогдоод яриа хөөрөө маань адуу мал руу хэвийлээ. Раш гуайн өвөг дээдэс хурдан хурц хүлгүүдээрээ зартай, адууны нутаг Эрдэнэдалайдаа адуугаараа гайхагдаж явсан хүмүүс байжээ. Ардын хувьсгалын 25 жилийн ой буюу 1946 оны улсын наадамд говь нутгаасаа ирж ажнай хүлгүүдээ Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө хурдлуулж байсан түүхтэй гэнэ. Тэдний удмынхныг ус голынхон нь Дориуныхан гэдэг байж.
Дориун гэдэг нь Раш гуайн аав Раднаа даргын төрсөн ах. “Дориуныхан Баян улаан хөтөл усны аманд адуугаа хураахад ам тэр чигтээ дүүрч байвал бүрэн байна гэж багцаалддаг байсан” тухай Дэлгэрхааны “Малига бүргэд” Пэлжидийн Бат-Очир арслангийн хүү Монхор дурссан байдаг. Тэгэхээр ямархан хэмжээний адуу малтай овог айл байсан нь мэдрэгдэнэ. Мөн говь нутгийн алдарт адуучин Намхайн Ичинхорол хөдөлмөрийн баатар цол хүртээд Монголын радиод өгсөн ярилцлагадаа “Мал маллах арга ухааныг би Дориун гэдэг хүнээс сурсан” хэмээн ярьсан нь бий. Ийм л эцэг өвгөдийнх нь заяа түшсэн үү, 2001 оны наян жилийн ойгоор Рашийн хүрэн азарга төрийн наадамд аман хүзүүдсэн билээ. Морьдынх нь уяа сойлгыг тод манлай Д.Онон тааруулжээ. Тэр жил мөн Ононгийн хээр магнайлж тэдний уяаныхан хавтай сайхан наадсаныг сонирхууллаа. “Миний хүрэн азаргыг Буянт-Ухаагийн буурал дэнжид аман хүзүүдээд ороод ирэхэд зургийг нь дараад, тухайн фотогоо харж байгаад үүнийг Дашзэвэг зураач зурж надад бэлэглэсэн юм” хэмээн мань хүн хэдийнэ суудлаасаа босч харайгаад хананд өлгөөтэй зурагны өмнө зогсож байна.
Уг зурагны эсрэг талын хананд Раш гуайн хөдөлмөрийн баатрын тэмдгээ зүүж буй торгон агшин дурайна. “Та чинь 2005 онд баатар болсон билүү” гэж лавлахад, тийм ээ гэв. Гэтэл тухайн мөчид гэргий нь чихэр жимс, хиам талх зэргийг ширээгээр өрөөд буцахдаа “Хөгшөөн 2004 онд баатар болсон шүү дээ” гэлээ. Манай хүн, өө тийм билүү, нээрээ сонгуулийн дараа болсон доо гээд инээвхийллээ. Багабанди гуайгаас баатрын алтан соёмбот тэмдгийг авч буй зурагны доод талд гэрийн эзэнд хүмүүсийн зориулж бичсэн шүлэг зохиол, дурсгалын зүйл, өргөмжлөл диплом, одон медалиуд ёстой нэг зулаастай байна даа. Тэр бүгдийг сонирхсон шигээ хэсэг зогсоод гоёмсог буйданд нь дахин шигдлээ. Хоёул хөгшнийх нь будаатай цайг амтархах зуурт баатар “Америкийн конгрессийн гишүүн Раш гэж хүн байдаг. Монголд ирэхэд нь уулзаж байлаа” гэснээ хоёр нүдээ сүрхий жуумалзуулж ирээд “Тэр жил Зава Дамдины хийдийн сэргээн босголтод оролцохоор Дэлгэрцогтод шөнө дүлээр очсон юм. Хоноглох газар байдаггүй эмнэлэгт хонолоо. Тэгтэл хажуу өрөөнд нэг бүсгүй амаржиж охин хүүхэд төрүүлжээ. Намайг ирж хоносонд бэлгэшээсэн үү, охиндоо Рашмаа гэж нэр өгч билээ” гээд өөдөөс ширтээд авлаа. “Чамд сонин байх болов уу гэх үүднээс үүнийг хэллээ шүү” гэх зүйл харцнаас нь уншигдаж байна.
“Та бол төмөр замынхаа тухай эл дол болтол ярьсан хүн. Гэхдээ мэдээж танаас асууж таарна. Эхлээд улс төрд орох болсныг тань дахин сонирхъё. Намбарын Энхбаяр анх санал тавьсан гэдэг билүү” гээд тууж орхилоо. Тэрээр шууд л “Тэгсэн юм” гээд цааш нь ингэж ярьсан юм. “Энхбаяр дарга Дундговь руу таныг явуулна гэж байна. Би бол төмөр замдаа хоргодоод байдаг. Өмнөх сонгуулиар мөн л намайг дэвшүүлэх санал гарч байсан. Гэвч би Сүрэнд байраа тавьж өгч байв. Өмнөх гэдэг нь 2000 оны сонгууль шүү дээ. Ингээд Дундговийн намын хорооны хуралд явж очоод дэвшинэ ч гээгүй, үгүй ч гээгүй бөөрөнхий хариу өгчихөөд хүрээд ирсэн хүн шүү дээ, би. Тэгтэл намайг М.Энхболд дарга Баянгол дүүрэгт нэр дэвшүүлнэ гэдэг юм аа. Хотын намын хорооны даргын хувьд хэлж байгаа хэрэг. Би татгалзлаа. Маргааш нь Энхбаяр дарга дээр ороод Дундговьд дэвшье гэдгээ эрсхэн хэлсэн. Тэгэхдээ гурван зүйл санал болгосон юм” гэв. Тэдгээр нь юу байсан гэхээр “Би аж ахуйн хүн. Наад улс төр гээчийг чинь сайн мэдэхгүй. Түүнд тус дэм болоорой. Төмөр замын даргаар өөрийнхөө орны хүнийг би өөрөө мэдэж санал болгоно” гэж тулган хүлээлгэсэн байна.
Ингээд мань хүн төрөлх нутаг руугаа гараад өгчээ. “Урлаг соёлынхноос таныг хэн хэн дагаж явсан бэ” гэхүйд “Хурд хамтлаг явсан. Манай төмөр замын хүүхдүүд шүү дээ” гэж сүрхий өмчирхөөд авна лээ. Тэрээр ялалт байгуулна гэдэгтээ итгэл дүүрэн байсныг нь дараахь ярианаас анзаарсан юм. Түүний гол өрсөлдөгч нь ардчиллын Лантуугийн Алтанхуяг гэж нөхөр байж. Раш даргаас санаа оноо авдаг, наануу цаануугаа асуудаг, эдийн засгийн тус дэм ч хүсдэг байсан аж. Уулзах бүртээ “Та Дундговьд очихгүй биз дээ” гэж асууна. “Үгүй ээ” гэхийг нь сонсоод уужирдаг байсан нь мэдээж. Тэгтэл яалт ч үгүй дэвшихээр болоод хамгийн түрүүнд өнөө Алтанхуяг руугаа ярьжээ. “Ах нь дэвшихээр боллоо. Намын даалгавар, одоо яая гэхэв. Миний дүү тийшээ очоод нэмэр байна уу, мөнгөний гарз биз дээ” гэж шуудхан хэлээд авч. Үндсэндээ томорсон байгаа юм. Рашийг очих нь гээд Ардчилсан хүчнийхэн нэр дэвшигчээ яалаа гэж татах билээ. Алтанхуягаа тулаанд мордуулах нь мэдээж. Их хуралд Дорнодын Одбаяр, Төв аймгийн Сүхбаатар, Монголбанкны Пүрэвдорж нартай тохой нийлүүлж суусан байна. “Их хурал гэдэг чинь далай шиг өргөн дэлгэр харчуудын цугларалт юм” гэж гэрийн эзэн маань сүрхий бодлогошронгуй суугаад хэлж байна. Тухайн агшинд шугамын радио ёнгиноод явчихлаа. Их үдийн цаг агаарын мэдээ явсан нь тэр. “Малчид, тариаланчдын анхааралд” гээд байх шиг дуулдсан. Раш гуайнх шугамын радиогоосоо салаагүй нь мөн л таатай сэтгэгдэл төрүүлсэн юм.
“Та Их хурлын танхимд монгол ухаан нэвт шингэсэн айхтар үг хэлдэг, нуруулаг хүмүүсийн нэг байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Мөн зарим үед хэлсэн үг чинь гишүүдийг хөгжөөж инээдэм наргиан ч болж байсан үе бий дээ” хэмээн ширээг нь тохойлдож баатар руу налаад сүрхий асуулаа. “Үгүй ээ, яахав дээ. Миний үгийг цаад хэд чинь сонсдог л байсан. Ямар нэгэн асуудал дээр намайг хэрхэн хандаж байгааг сүрхий ажиж анхаардаг нэг нь байсан л байх. Намын нөхөддөө ч би хатуу үг хэлдэг л байлаа. Уулын оройгоор дарцаглаад явах яах вэ. Бэл рүүгээ бууж аргал түүвэл яасан юм бэ гэж хэлж л байсан. Сайд байхдаа “Зам тээвэр гэдэг үг чинь өөрөө сахилга бат гэсэн үг” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж байлаа. Мөн аялал жуулчлал гэдгийг “аятайхан мөнгө олох уут, томоохон үүц нөөц, улс орныхоо нүүр царайг дэлхий нийтэд харуулах цонх” гэж хэлж байсан. Баяр, Лүндээ, Нямдорж бүгд л миний үгийг анхаарч сонсдог байсан даа. Нэг удаа чуулган дээр “Та хэд гадуур дотуур явж гадна дотнын хүмүүстэй нөхцчихөөд тэдний эрх ашгийг хамгаалсан хууль батлах гэж улайрч байна” гэж хэлээд танхимыг нэрхийтэл инээлгэж байлаа. Нөхцчихөөд гэдэг үгийг манай нөхөд буруугаар ойлгож намайгаа дамшиглаж байгаа байхгүй юу. Засгийн газрын хуралдаан дээр шиг санагдана. Хотоос гараад явахаар замд “хурд-үхэл” гэсэн машины сэг байж байх юм. Анхааруулсан, болгоомжлуулсан зүйл гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ энэ чинь монгол хүний оюун ухаанд бууж өгөхгүй юм аа. Машины сэг хараад, үхэл гэсэн үгээр үдүүлээд замд гарч байгаа хүмүүсийн санаа сэтгэл ямар байх уу гэж хэлэхэд Баяр сайд жигтэйхэн инээж билээ. Арван хоёр оны хавар билүү, Үүл баатартай маргаад. Бат-Үүл “олонхид дарлуулдаг цөөнх гэж юу байхав” гэхээр нь зөрүүлээд “цөөнхөд дээрэлхүүлдэг олонхи гэж байхгүй байх аа” гэж хэлсэн удаатай” гэв.
Буурал баатар маань энэ мэт олон зүйлийг хэлснээс цөөн хэдийг нь хүргэж байгаа минь энэ л дээ. “Манай ажлын өрөөгөөр нэг орох уу” гэж гэрийн эзэн хэлэв. Тэгээд унаагаа дуудлаа. Манай зурагчинд мань хүн зургаа даруулах гэж сүрхий юм болоодохов. “Ах нь энэ цамцыг солиод орхиё. Бараантаад нэг л олигтой гарахгүй нь лав” гээд ухасхийлээ. Тэгснээ “Миний охион аавынх нь нэг цэнхэр цамц байдаг даа. Тэр хаа байна. Ээж нь хааччихав аа. Ээж нь л сайн мэдэх ёстой” гээд цаад өрөөгөөр алга боллоо. Энэ хооронд зочны өрөөнд тохоостой байх ланжгар хоёр мөнгөн эмээлийг сонирхлоо. Хэн хүний нүд булаахаар эртний хийц бүхий эмээлүүд байна. Раш баатар цэнхэр цамцаа олоод өмсчихсөн, хүүхэд шиг цамц руугаа хараад тэнгэр цэлмэсэн мэт л ороод ирэх нь тэр. “Энэ хоёр эмээлийн тухай танаас асуух гээд” гэхүйд “Эдээрээ гайхууллаа гээд улс амьтан дургүйцэх л байх даа. Гэхдээ яахав, сонирхож байгаа учир түүхийг нь хэлье. Ааваас минь өвлөгдөж ирсэн юм аа” хэмээн баруун талынх нь эмээлийг зааж байна. Хансан занги гэж өвөг эцгийнх нь үнэт өв бололтой. Өвөг эцгээс нь эл эмээл, мөн өөрийн гараар бичиж үлдээсэн “Жадамба” судар хоёр Раш гуайнд хадгалагдаж байгаа ажээ.
Раш гуай эмээлийн бүүргэнд ороогоостой байгаа суран жолоог зааснаа “Хойшоо сургуульд явахад аав минь “Миний хүү туруут морь яваад хүрэхгүй, тураг шувуу нисээд очихгүй хол газар явлаа” гээд энэ суран жолоог хадагтай барьж билээ” хэмээсэн. Тэгээд аавынхаа тухай жолоочоо хүлээх зуур тохоостой эмээлээ түшиж байгаад ийн өгүүлсэн юм.
“Миний аав гэрийн боловсролтой, тухайн үеийнхээ том сэхээтэн байлаа. Арван хоёр настайгаасаа төр улсдаа зүтгэх ажлаа Говь түшээ гүний хошууны тамгын газар тал бичээчийн албаар эхэлсэн юм билээ. Дундговь аймгийг 1942 онд Ембүүдэрсэнэ-Ус гэдэг газар анх байгуулагдахад шавыг нь тавилцсан арван долоон хүний нэг. Сүүлхэн үедээ Эрдэнэдалай сумын дарга, намын үүрийн нарийн бичгийн даргын албыг цөөнгүй жил хашсан. Төр улсынхаа хөгжил түүхийн ачааны тэнг таталцаж явсан сайхан зам мөртэй хүн” хэмээн эцгийнхээ тухай өгүүлж байхад жолооч нь ярилаа. Гадаа ирчихлээ гэдгээ хэлэх бололтой. Ингээд “төмөр замын Раш”-ийн хар машинд суугаад төмөр замынх нь ажлын өрөөгөөр орлоо. Гэрийн гаднаас л хүмүүс мань эртэй мэндлээд сүйд байна. Нэг хүүхэд сүрхий мэндэлсэн нь Өлзийт хороололд хурдан морь унадаг аваргуудын нэг гэнэ.
Төмөр замын удирдлагууд буурал “хурандаа”-даа скалад байсан өрөөгөө суллаж тохижуулж өгчээ. Томоо гэгч цэлгэр сайхан өрөө байна. Гишүүний өрөөн дэх бүхий л дурсгалт зүйлс, ном бүтээлээ авчирчээ. Сайд болоход нь өөрийн унасан газар Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөлөөс дурсгасан зураг байна. Тэрээр Эрдэнэдалайн хүн. Гэхдээ яг төрсөн нутаг нь Дэлгэрхааны Баян уулын Булаг гэдэг газар юм билээ. Тавин гурван оны усан могой жил Раднаа даргынх Эрдэнэдалайгаас Дэлгэрхаанд оторлон нутаглах жил нэг хүү төрсөн нь өнжиж буй айлын маань эзэн хөдөлмөрийн баатар ажээ. Өрөөнд нь Ленин, Ганди нарын хөрөг баримлаас гадна Самбуу даргын хөшөөний эх загвар байна.
Тэр тухай сонирхоход “Би Самбуу гуайг хүндэлж дээдэлж явдаг юм. Самбуу гуай манай эцэгтэй ойр дотно нөхөрлөж явсан юм билээ. Өмнөговь аймгийн дарга байхдаа Эрдэнэдалайгаар дайрч манайхаар хонож өнжөөд явдаг байсан гэдэг. Манай том ах Содномдорж “Би та нарыг бодох юм бол Самбуу даргын хоолыг хийж байсан хүн шүү” гэж томордог сон. Энэ баримлыг Самбуу гуайн Сүрэнжав надад дурсгасан. Самбуу дарга Хойд Солонгост Элчин сайдаар сууж байхдаа тэднийд цөөн тооны мал бэлэглэхээр амласан юм билээ. Тэгээд өгч авч амжилгүй явсаар өнгөрсөн зууны ерээд он гаргасан. Хойд Солонгосын төмөр замын яамны сайд тэр малыг авахаар ерэн нэгэн онд Монголд ирлээ. Би тэр хүнд тусгай вагон гаргаж хэдэн сайхан эм хонь, саваг нь газар шүргэсэн сарлаг, нас гүйцэж дэрийсэн сэрх, унагатай гүү гэхчлэн тэмээнээс бусад бүх малыг ачиж явуулсан. Аавтай дотно явсан тэр хүний төрийн өндөр түвшинд амласан бэлгийг насан өөд болсноос нь хойш гучаад жилийн дараа Ардчилсан Солонгосын ард түмэнд хүргэх ажилд тэгж гар бие оролцсон” хэмээн хуучиллаа.
“Сочигийн өвлийн олимпийн дараа таны нэг зураг интэрнэтээр баахан “од” болж, багагүй баалуулсан даа” гэж асуугаад авлаа. Тэгтэл өөдөөс “өнөө эмгэн чинь хэн билээ” гэж байна. “Ямар эмгэн билээ, өө танхай эмээ юу” гэхэд, “Тийм ээ. Танхай эмээ чинь надад үүргэвч үүрүүлж цана углуулаад сүйд болсон доо. Би тэр зургийг хараад өөрөө ч инээд хүрсэн. Манай зээ “өвөө та өөрийгөө харсан уу” гэж явуулж ч байх шиг. Гэхдээ тэр зургаар намайг шоолсон, донгодсон зүйл байхгүй байх аа. Зүгээр л өхөөрдсөн, инээд наргиан болгосон зүйл болов уу. Цанын спортоо Монголын төр анхаарах цаг нь ирсэн юм биш үү гэсэн сануулга гэж боддог” гээд өнөө л хоёр нүдээ жуумалзуулж харагдана.
Тэрээр өрөөнийхөө дурсгалуудыг сонирхуулах зуурт нэг хүний нэрийг сүрхий гэгч нь хэлсэн нь Эрдэнэт хотын орлогч дарга байсан Гүнсэнгийн Чулуунбат. Уг эрхэм далан гурван онд хойно хамт оюутан байхдаа Раштаа нэг цүнх бэлэглээд “Миний найз Төмөр замын 50 жилийн ойгоор энэ цүнхэнд илтгэлээ хийж очоод ойн хурлыг нээнэ шүү” гэж хэлжээ. Тэгтэл хэлсэн ёсоор нь болж 1998 онд Раш дарга найзынхаа бэлэглэсэн цүнхэнд илтгэлээ хийж бариад Төмөр замын ойг нээж байсан түүхтэй гэнэ. Өрөөнийхөө хойморт О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” шүлгийг хадчихаж. Тэр зүгт харц хандуулахад “Балбар хувилгаан хүн байсан байх, тийм үү. Би тэгж боддог” гэсэн юм.
Уулзалтын ширээнийх нь ард суугаад хоёул баахуу найруулж уунгаа бас л хүүрнэлээ. Өвгөн баатрын яриаг сонсоод л баймаар. “Балхаажав гуай Их дэлгүүрийн тэндээс алхаад манай өрөөнд хүрээд ирнэ. Хөгшинтэй хоёул хууч хөөрөх сайхан. Түдэв гуайтай ойрдоо ярьсангүй. Наян долоон онд төмөр замын намын хорооны бүгд хурлыг Түдэв гуай удирдаж, илтгэл тавьж байлаа. Тэгэхэд хэлэх үгийг нь би бэлдэж байсан. Тэр үеэс бид хоёр дотно. Сүрэнжав гуай, Цогзолмаа гуай гээд урлаг соёлынхонтой би их ойр байдаг. 2004 онд Их хурал руу явахын өмнөхөн Лувсаншарав гуай гээд аваргуудыг цуглуулж арван хүнд “Хүндэт төмөр замчин” гэх тэмдэг гардуулж баяр хүргэсэн. Түдэв гуай ч ирж байсан. Тэр аваргуудтай дурсгалын зураг татуулсан бол гэж одоо хэр нь бодогддог юм. Лувсаншарав гуайгаас аваад унаад өгч байна даа” хэмээн цайгаа оочлонгоо ярьж байлаа. “28 дугаар сургуулийн маань ой удахгүй болно. Цэсэнжав, Цэрэннадмид, Намжилсүрэн гээд домог болсон багш нараа үргэлж дурсдаг, Гунгаадорж гуайн засгийн үед Бугын Дэжид агуу хүн намайг төмөр замын дарга болгож байсан”-ыг ч мөн л хуваалцсан юм.
Түүнийг ажлынхаа ширээнд очиж суухуйд ширээг нь түшиж зогсоод “Та Багабанди гуайтай хэр дотно вэ” гэж асуулаа. “Дотно бишдээ тэр хүн надад гавьяат тээвэрчин, хөдөлмөрийн баатар хоёрыг өгөх үү” гэж өөдөөс ам асуудаг байгаа. Ажлын өрөөний хананд сайд байх үеийнх нь зураг байна. “Баяр сайдтайгаа та сүүлд уулзав уу” гэхүйд “Огт үгүй. Сураг алдарсан даа” гэлээ. “Та ингэхэд намдаа гомддог уу. Өнгөрөгч сонгуулиар танд нэр дэвших мандат олдоогүй дээ” гээд бас л тулгаад асуучихлаа. “Уул нь манайхан намайг Баянгол дүүрэгт, төмөр замд минь нэр дэвшүүлнэ гээд за зүй болоод тохирчихсон байсан. Гэтэл намын бага хурлын өглөө баруун хойноос салхилж байсан салхи гэнэт зүүн урдаас үлээгээд манаргачихдаг байна шүү. Ах нь та хэдэд дараа болохоо болъё доо гээд гараад явчихсан” гэлээ. Тэрээр “найман жил төр түшилцэхдээ нэг зүйлийг мэдэрлээ. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү. Ах нь төрийн хүн юм аа” гэж хэлсэн нь үнэн сонсогдсон. Мөн “манай улстөрчид их л цэцэрхэх юм. Амьдралын үнэн гэдэг чинь хатуу байдаг юм шүү” гэж яриан дундаа хэд хэд хэлсэн нь бодох л үг.
Раш гуайн ээжийг хөгшин залуугүй Жуужаа хэмээн авгайлж хүндэлдэг байжээ. Арван дөрвөн хүүхэд төрүүлсэн хөгшин. “2001 оны өвөл Их хурлын дарга Л.Энэбиш Дундговь аймагт ажиллахдаа Эрдэнэдалайд очоод буудалд хоноогүй. Рашийн ээжийнд очиж очъё, буянтай сайхан хөгшний бор гэрт хонож, задгай галын цай уух сайхан шүү гээд Энэбиш, Лүндээжанцан нар Жуужаагийн жижигхэн гэрт хонож билээ” хэмээн Раштай нэг хонхрын хүүхдүүд болох соёлын гавьяат зүтгэлтэн Сүрэнгийн Зэвсэг бичсэн байдаг.
Өдөржингөө хуучилсны эцэст баатрын ажлын өрөөнөөс гарахуйд тэрээр “Намхайнямбуу гуай “Миний энэ хөдөлмөрийн баатрын тэмдэг чинь хотонд байгаа хэдэн хонь минь юм шүү дээ” гэсэн байдаг. Түүн шиг Монголын төмөр замаар хөндлөн гулд тээвэр хийж байгаа хэдэн вагон, замаа засч байгаа шар хантаазтай хэдэн замчид, энэ төмөр зам л ахынх нь амь амьдрал юм. Өдөр шөнийн аль ч цагт вокзал дээр гал тэрэг уухилсаар түжигнэн ирж зогсоход сэтгэлд нар мандах шиг болдог. Ах нь ховорхон хувь заяанд төрсөн хүн шүү хэмээн инээмсэглээд хоцорсон юм.
Н.ГАНТУЛГА