Энэ сарын 26-нд адуун сүргээрээ алдартай Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал хоёрдугаар багийн түмэн адууны баяр зохион байгуулагдлаа.
Төв аймгийн Алтанбулаг сум нь өнгөрсөн онд 26 мянган адууг тоолуулж үүнээс Аргал хоёрдугаар баг нь түмэн адуугаараа аймгийн 97 багаас хоёрт эрэмбэлэгдэж, МУ-ын 21 аймаг, 330 сум, 1530 багаас долоодугаарт бичигдэж байгаа адуун сургийн өлгийн нутаг гэж хэлж болно. Анх 1989 онд тус суманд нэг түмэн адууны баяраа ёслол төгөлдөр хийснээс хойш 2009 онд хоёр түмэн адууны баяраа хийж байсан түүхтэй сум юм. Тиймээс Алтанбулаг сумын Аргал хоёрдугаар баг нь түмэн адууны баяраа энэ сарын 26 нд амжилттай зохион байгууллаа. Энэ нь түүхэнд анх удаа баг түмэн адууны баяраа хийж байгаа тохиолдол юм. Түмэн адууны баярын адуучин тэмцээнд Алтанбулаг сумын 120 гаруй адуучид оролцож шилдгээ тодруулжээ.
Адуучин тэмцээн морьтой шургуулж уургалах, уурга шүүрэх, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах, морь сэлгүүлж уургалах, гэсэн таван төрлөөр явагдсан байна. Адуучин тэмцээний тэргүүн байранд Алтанбулаг сумын хоёрдугаар багийн адуучин Бямбаням тэргүүлж Алтанбулаг сумын гуравдугаар багийн адуучин Д.Отгон-Өлзий удаалж, тус сумын хоёрдугаар багийн адуучин М.Даваажаргал гуравдугаар байранд шалгарчээ. Мөн түмэн адууны баярын хүрээнд сайхан хөхүүр, сайхан айраг, хос морьтон, 64 бөхийн барилдаануудыг амжилттай зохион байгуулсан байна. Бөхийн барилдаанд Аймгийн арслан П.Эрхэмжаргал түрүүлж хурсан олныг баясгалаа.