Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа DNN.mn

Төлбөрийн тэнцэл оны эхний 2 сарын байдлаар 230.5 сая ам.долларын  алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.1 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдэв. Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 720.1 сая, анхдагч орлогын алдагдал 313.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Мөн урсгал дансны алдагдал энэ оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 224.4 сая ам.доллароор өсөж, 462.9 сая ам.доллар болжээ.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 423.6 сая, зарлага 1.3 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 60 сая, зарлага 209.5 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 149.5 сая ам.доллароор өсөж, 861.8 сая ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 86.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 37.6 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн 6 дугаар сард 22.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 2.6 сая ам.доллароор өсөв.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 347.8 сая ам.доллароор өсжээ. Зургаадугаар сард 274.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 114.6 сая ам.доллароор нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Харин төлбөрийн тэнцэл 2022 оны 6 дугаар сард 9.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх сарынхаас 95.3 сая ам.доллароор багасжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *