Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцлийн алдагдал 568.4 сая ам.долларт хүрэв

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 843.8 (2.2 дахин) сая ам.доллараар нэмэгдэв. Үүнд анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 776.6 сая ам.доллараар нэмэгдэж, 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлжээ.

Харин урсгал данс энэ оны есдүгээр сард 283.1 сая ам.долларын алдагдалтай байсан бол аравдугаар сард 527.6 сая ам.доллараар нэмэгдэж, 244.6 сая ам.долларын ашигтай гарсан байна. Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 598.9 сая, зарлага 1.7 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 58.6 сая ам.доллароор нэмэгдэж, зарлага 34.9 сая ам.доллараар багасчээ.

Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний арван сард өмнөх оны мөн үеийнхээс 93.5 сая ам.доллараар багасч, 1.1 тэрбум ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 106.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 21.7 сая ам.доллараар нэмэгдсэн бол аравдугаар сард 6.1 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 17.1 сая ам.доллараар багасав.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 533.5 сая ам.доллараар нэмэгджээ. Харин аравдугаар сард 135.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 243.1 сая ам.доллароор багассан байна.

Төлбөрийн тэнцэл 2020 оны эхний арван сард 294.3 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 274.1 сая ам.доллараар нэмэгдэж, алдагдал 568.4 сая ам.долларт хүрчээ. Мөн төлбөрийн тэнцэл энэ оны аравдугаар сард 11.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 180.9 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *