Categories
мэдээ цаг-үе

Төгсөлтийнхөө ойгоор сайн үйлс бүтээсэн 10 “б”ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Дорноговь аймгийн Сайншанд хотын Нэгдүгээр арван жилийг 1993 онд төгссөн Г.Батсүх багштай химийн сонгоны 10 “б” ангийнхныг онцолж байна. Хүүхэд насны гэгээн дурсамжуудаар дүүрэн сурагчийн дүрэмт хувцаснаасаа салж, оюутны ширээтэй залгасан тэртээх он цагаас хойш 25 жил улиран оджээ. Тэд энэ тухайгаа дурсан ярихдаа “Хэзээ ч гунихгүй юм шиг шуугилдаж, ангиа олохгүй төөрөлдсөн алдрай жаахан хүүхдүүд арван жилийн сургуульд элсэн орж байсан нь саяхан мэт. Гэнэн томоогүй, инээд хөөр цалгилсан арван жилийн сургуулиа төгссөнөөс хойш эдүгээ 25 жилийг ардаа үдсэн байх юм. Нэгэн модоор зүйрлэвэл арвын “Б” хэмээх модны мөчир тал, тал тийш салаалан дэлбээлж, улам саглагар сайхан ногоон мод болжээ гэцгээв. Энэ цаг хугацаанд эдний ангийнхан өөр өөрсдийн сонгосон сургуулиа дүүргэж ажил мэргэжлээрээ төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж, хүн ардынхаа сайн сайхны төлөө хөдөлмөрлөж явна. Химийн гүнзгий анги байсан болоод ч тэр үү, ихэнх нь эмч болсон байна. Зарим нь ардын үр хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг багш хэмээх эрхэм алдрын эзэд болжээ.

“Ер нь бид бүхэн салаалсан модны мөчир шиг хэрнээ санаачилсан ажил үйлсийг дэмжих талаар уйгагүй нэгдэж, баттай зогсож чаддаг хамт олон. Өвөл, хавар, зун, намрын аль ч улиралд халуун салхи, хүйтэн бороо, цас зуданд бат зогсох үндэс сайтай мод шиг амь нэгтэй анги билээ” хэмээн ярьцгаав. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа эдний ангийнхнаас төрд үнэлэгдсэн гавьяа, шагналтнууд олон байдаг аж. Тодруулбал, салбартаа ажил үйлсээрээ манлайлан ажиллаж үйлдвэрийн аваргаас хүнс, хөдөө аж ахуйн, эрүүлийг хамгаалах, мэргэжлийн хяналтын, санхүү банкны, худалдааны, ардын боловсролын тэргүүний ажилтны цол тэмдгээр 10 гаруй хүүхэд шагнуулжээ. Мөн төрийн дээд шагналуудаас алдарт эхийн II одонгоор хэд хэдэн ээж энгэрээ чимсэн бол хоёр ч хүн Алтан гадас одон өлгийдөн авсан байна. Үүнээс гадна спортын мастер, дэд хурандаа цолтнууд ч энэ ангиас төрөн гарчээ.

Хэдийгээр сургуулиа төгсч, амьдралын их далайд хөл тавьсан ч 10 “б” ангийнхан төрөлх сургуулиа тохижуулахад сэтгэл зүрхээрээ гар бие оролцож байжээ. Бүхний манлайд энэ ангийнхны санаачилсан ажил ямагт цойлдог аж. Тухайлбал, төгсөлтийнхөө 20 жилийн ойгоор дурсамж ном хэвлүүлэн гаргаж, төгсөлтийн бичлэгийг 2-3 CD болгон бэлэглэж, химийн тэнхэмийг анги удирдсан багш Г.Батсүх агсны нэрэмжит болгон тохижуулсан зэрэг хүн бүрийн алгыг дээш харуулсан өгөөжтэй уулзалт зохион байгуулж байсан аж.

Атгасан гар шиг нэгдмэл байж чаддаг энэ хамт олон өнөөдөр 25 жилийнхээ ойн уулзалтаа угтаад нэгэн сайн үйлсийн ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Золгүй ослоос болж хөдөлмөрийн чадвараа алдсан ангийн бүсгүй Ц.Ариунтуяад халуун гараа сунгаж, орон байрыг нь тохижуулж өгчээ. Нэгнээ гэсэн хүн бүрийн сэтгэл юу юунаас ч чухал гэдэг нь энэхүү сайн үйлсийн ажлаас тод харагдана. Тэр дундаа сэтгэлийн өргөл үзүүлсэн Ц.Батцэцэг, Ч.Энхтөр, Ч.Цэрэнсүрэн, Ч.Чингэрэл, Т.Баттуяа, Б.Тэгшлхам, Ж.Болормаа, Т.Саранцэцэг, Б.Амаржаргал, Ю.Байгалмаа, Д.Өлзийсайхан, З.Энхцэцэг, С.Ганчимэг, Б.Нарангэрэл, Б.Ууганцэцэг, Ч.Энхбат, Ё.Батнасан, Ц.Наранбаатар, Ч.Ариунгэрэл, Мөнхчимэг, Ө.НасанӨлзий, А.Түвшинбаяр, Б.Оюундэлгэр нарын үйлс үргэлж өөдрөг байхын ерөөлийг ангийн нөхөд нь онцгойлон дэвшүүлсэн шүү. Энэ тухай “Та хэдийн маань сэтгэлийн өргөл хандивыг эвлүүлэн зүйх их ажлыг маань гардан хийсэн Зэвсэгт хүчний 14 дүгээр ангийн ахлагч З.Батхүү, ахлагч Г.Алтаншонхор, 065 дугаар ангийн ахлагч Л.Эрдэнэбилэг, зэвсэгт хүчний 336 дугаар ангийн орон сууцны ажилтан Ч.Баттуяа, Н.Даваасүрэн нарын уран гар, торгон мэдрэмж, сэтгэлийн нандин учгаар найзын маань гэр сүндэрлэн бослоо” гэж халуун дулаан урмын үгээр нэгнээ мялаав.

Монгол орныхоо өнцөг булан бүрт тархан суурьшиж байгаа 10 “б” ангийнхан орон зайн хувьд хол ажин түжин амьдарцгааж буй хэрнээ ямар ч тохиолдолд нэг нэгнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байдгийг дээрх сайн үйлс батлан харуулав. Ер нь бусад анги хамт олон, төгсөгчид хүртэл ойн уулзалтаараа зугаалж, хөгжилдөхөөсөө урьдаар 10“б”гийнхэн шиг сайн үйлсэд санаачилгатай оролцож байвал хожмоо сайхнаар дурсагдах нь дамжиггүй юм.

Ийнхүү арван жилийнхээ төгсөлтийн ойгоор сайн үйлс бүтээсэн энэ ангийнхан багшийнхаа тухай санагалзан ярихдаа “Энэ сайхан модны мөчир нь болсондоо туйлаас их баярлаж явна. Модыг маань бат бөх үндэстэй болох эх суурийг тавьсан талийгаач багш Г.Батсүх маань билээ. Багш маань Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, тав, зургадугаар таван жилийн гавшгайч мундаг хөдөлмөрч нэгэн байсан юм. Мөн Г.Батсүх багш хичээл заахын хажуугаар спортод хорхойтой нэгэн байв.

Аймгийн хэмжээний наадмын барилдаанд хоёр удаа түрүүлж өсөх ирээдүйтэй начин цол хүртэж байсан. Ер нь багш маань бидний бахархал, үлгэр дуурайлал болсон хүн юм. Ангийнхаа хүүхдүүдийн санаачилсан бүхнийг ямагт дэмждэг, сурагчдынхаа ирээдүйн замыг гэрэлтүүлсэн ачтан байв. Г.Батсүх багш маань 500 гаруй шавь төрүүлсэн мундаг хүн байсан даа” гэцгээв. Мөн тэд ангийн анддаа тусалсан үйл явдлынхаа тухай нэмж ярихдаа “Өнөөдөр бидний дунд хамгийн их үгүйлэгдэж байгаа хүн бол яах аргагүй хайрт багш, ангийн хоёр сайхан анд минь юм. Хэдийгээр тэд маань бидний дэргэд байхгүй ч ангийнхаа охинд чин сэтгэлээсээ тусалсан биднийг бурхны орноос харж байгаа байх. Сайхан сэтгэлтнүүдийг өлгийдөж авсан ангийнхандаа 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж, тэднийхээ гэр бүл, үр хүүхдүүдэд нь орчлонгийн хамгийн гэгээн бүхний дээдийг хүсэн мэндчилье” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *