Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд өрхийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн эдийн засгийн даван туулах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой ‘’Төгсөлтийн аргачлал-600’’ төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Тус төслийг ‘’Дэлхийн зөн-Монгол’’ олон улсын байгууллагын санхүүжилтээр дүүргийн наймдугаар хороотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжид тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын удирдлагууд хамтран хэлэлцүүлэг хийсэн.
Түүнчлэн энэ үеэр олон улсын байгууллагын сайн туршлагыг судлах, халамж хүртэгч иргэнийг өрхийн бизнес эрхлэгч, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэгч болгох замаар иргэдийн ядуурлыг бууруулах мөн өрхийн эдийн засгийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг сэдвээр ярилцаж, харилцан санал зөвшилцсөн юм. Тус уулзалтаар наймдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд төслийн өрхүүдэд дэмжлэг үзүүлэн цаашид хамтран ажиллахаар болж, төлөвлөгөө боловсруулсан аж.