Categories
мэдээ цаг-үе

Төгсөх хаврын уянга-төрөлх сургуулийн минь 40 жилийн ой

Цэн цэнгийн тогорууд нутгаа орхин одохдоо ижилсэж, дассан нуурандаа эргэн хоргодож, “Гунигийн дуу аялсаар явна уу даа” гэмээр ганганан, гунганасаар гадаад далайг зорьдог. Яг л үүн шиг сурагчийн цэнхэр формоор гоёсон төгсөх хаврын тэр л өдрүүдэд эрдмийн өргөө сургуульдаа, ээнэгшиж дассан найзууддаа, ачит мэргэн багшдаа, анхны хайрын үерхэлдээ, гэнэн томоогүй хүүхэд насандаа хоргодон хоргодсоор өөр, өөрсдийнхөөрөө амьдралын их далайд хөл тавьсан. Тэр л цагаас хойш хэдийнэ арван хоёр жилийг үджээ. Энэ л цаг мөчид ангийн нөхөд та бүхнийг дурсан санан сууна, би.

Манай ангийнхан 33-уулаа. Уул өргөх 16 хөвгүүн, утас сүлбэх 17 охинтой. Бид Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын есөн жилийн дунд сургуулийг 2007 онд төгссөн 9 “А” ангийнхан. Ангийн багш минь, Ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Юмжирдулам. Бид 1998 онд Д.Хишигжаргал багштай “А” бүлэг , Р.Мөнхсүрэн багштай “Б” бүлэгт элсэн орсон. Бага ангиасаа л манай “А” бүлэг олон “аваргатай” байв. Багш минь үймж, шуугьсан хөвгүүдээ ийн хэлдэг юм. Харин “Б” бүлэг олон охинтой байлаа. Ангийн даргын үүргийг Г.Нармандах миний бие гүйцэтгэдэг байв. Манай ангиас Г.Баасансүрэн, Г.Нармандах, М.Сод-Эрдэнэ, Шинэбаяр нар онц сурлагатан, нөгөө ангиас мөн ангийн дарга Б.Бадамхатан болон Б.Мандухай, Г.Оюунзул, З.Отгонбаяр нарын охид онц сурдаг байлаа. Харин манай үеийн овгор Цогтбаатар нөгөө ангид сурдаг байв. Цогоо хоёр ангиа бараг л “атгадаг” гэж хэлж болно. Үеийн хоёр анги хичээл сурлага, урлаг спорт, тэр бүү хэл хөвгүүд нь зодооноороо хүртэл үргэлж өрсөлддөг байлаа. Улмаар 2005 онд буюу зургадугаар ангид орох жилдээ хүүхдийн тоо цөөхөн гэсэн шалтгаанаар хоёр анги нийлж 6 “А” ангийн хамт болсон юм. Анги нийлсэн эхэн үедээ хоёр ангиараа хуваагдах шинжтэй, хөндий явсан нь ч бий. Гэлээ ч ухаант багшийнхаа сургаалиар төд удалгүй биесээ хүндэлж, хайрласан. Бүр хичээл, сурлага, урлаг спортоор сургуулиа манлайлсан шилдэг анги болох замдаа орсон юм.

Би хөдөөний хүүхэд. Аав, ээж минь сумын төвтэйгөө ойрхон хөдөө малаа малладаг. Тиймдээ ч би сумын төвд авга эгчийнхээсээ хичээлдээ явдаг байлаа. Аав минь морь сайхан уяна. Хар багаасаа л хүлгийн нуруун дээр өссөн надад хурдан морины найзууд минь бас байдаг байлаа. Тэд минь манай ангийн Шарков, Зоригоо, Жагаа, Даймаа, Бөмбөө, Бондоохой буюу Б.Түвшинбаяр, Б.Нямзориг, Л.Батжаргал, П.Дамдинсүрэн, Ч.Энхтөр, Б.Баттулга нар минь юм. Багшийн хэлдгээр өнөөх “аваргууд” чинь. Бид сургуулийн төмөр хашаанаас морио уячихаад дээл, бакалтайгаа ч сургууль дээгүүр таваргаж, вокзалын шатан дээгүүр морьтойгоо манаргаж, ташуур далайн хэнхэлзэж хөөрхий багшийнхаа чихнээс мөн ч их хонх уясан даа.

Би байрны хүүхэд. Авга эгчийнх минь сумын төвийн төв хэсэг болох “Долоон байшин” хэмээх 12 айлын хоёр давхар, долоон байшингийн нэгд амьдардаг байлаа. Манай ангиас долоод гэртэй хүүхэд олон байсан. Мандухай, Оюучка, Содоо, Бааска, Одбаяр, Оогий, Ээгий, Цогтоо, Ариука , Бадамаа, Энхбат буюу Б.Мандухай, Г.Оюунзул, М.Сод-Эрдэнэ, Г.Баасансүрэн, Г.Нармандах, О.Одбаяр, З.Отгонбаяр, Н.Эрдэнэ, Э.Цогтбаатар , Э.Ариунтуяа, Б.Бадамхатан гээд олуулаа. Яагаад ч юм, долоод байсан хүүхдүүд ангийнхаа өндрүүд нь байв. Тиймдээ ч голдуу өндрүүд нийлчихсэн байсан. Үүнээс нь болоод өөрсдийгөө томууд, ангийнхаа бусдыг нь жижгүүд гээд нэрлэчихсэн. Бид хамтдаа хичээлээ хийж, тоглоцгооно. Орой долоон байшингийнхаа дундах саравчинд харанхуй болтол буу халан сууцгаадаг байлаа. Өдөржин хамт байж гэр гэртээ оронгуутаа гэрийнхээ телефон утсаар /үнэгүй/ хоорондоо хэдэн цагаар ч хамаагүй ярьцгаадагсан. Бид тийм л сайхан найзууд байлаа.

Бид хэдийгээр “А”, “Б” анги, жижгүүд ба томууд гэж хуваагддаг байсан ч үргэлж багшийнхаа сургаалийг сонсдог, нэгнээ хүндлэн хайрладаг нэг ангийн хамт олон байсан юм. Анги нийлсэн жилээ бид ангиараа төмс хураалтад явлаа. Хоёр хоногоор явсан ажил хүнд ч, инээд хөөр цалгисан дурсамжаар дүүрэн энэ л өдрүүд биднийг улам л дотносуулж, бид биенээ ойлгож хайрлацгаадаг болсон доо. Манай ангид “манай аваргуудаас” гадна Көвөн, Амраа, Бамбар буюу Г.Гантөмөр, Б.Амаржаргал, Б.Баасан гээд ачааны хүндийг үүрсэн ажлын мангасууд бас байсан. Охидуудаас ажилсаг, авьяаслаг хэрнээ даруухан, анги хамт олныхоо, багшийнхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн Б.Нямжаргал, Б.Мөнхзул, Б.Ариунжаргал, Б.Ариунцэцэг, П.Мэндбаяр, Ч.Оюундарь, Н.Аззаяа, Б.Гантуяа, С.Урангоо, Б.Юмжирдулам гээд мундаг хүүхдүүд байлаа. Манай ангид дунд сургуульдаа тайлан тоглолтоо хийж байсан дуучин Сод-Эрдэнэ, аймаг бүсийн олимпиадын аварга Баасансүрэн, сум сургуулийн шилдэг сурагч Бадамхатан, урлагийн авьяастан Оюунзул, сургуулийн бөхийн аварга Түвшинбаяр нарын шилдгүүд ч байсан юм. Ийм л шилдгүүдээр дүүрэн сургуулийнхаа шилдэг анги, хамт олон байлаа.

Түүх, газарзүйн ухааны нэвтэрхий толь болсон мэдлэгийн уурхай ачит багшийнхаа сургаалиар бид өдий зэрэгтэй явна. Намуухан, дөлгөөхөн хэрнээ цаанаасаа л хайр хүндлэл татсан багшийн минь хэлж байсан сургаалиуд, зааж байсан хичээлүүд одоо ч сэтгэлд ойрхон. Багш минь түүхийн ухаанаас гадна амьдралын ухааныг бидэнд сургажээ. Бид багшдаа хайртай.

Өнөөдөр 2019 оны арваннэгдүгээр сарын 8 –ны өдөр. Энэ цаг мөчид төрөлх сургууль минь түүхт 40 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа. Сургуулийнхаа 28 дахь төгсөлтийн төлөөлөл миний бие хонхон дуу, цэцэгсийн баглаа, баяр хөөр, гунигийн нулимс дагуулан төгссөнөөс хойш 12 жилийн дараа ангийн нөхдөө, ачит багшаа, төрөлх сургуулиа санагалзан энэхүү дурсамжийг бичиж сууна.

“...Эрдмийг сураад буцна гэхээр

Аюулхай цээжиндээ дүүрэн гунигтай

Эргээд ангидаа суухгүй гэхээр

Алаг нүдэндээ сувдан нулимстай”… бид өөр, өөрсдийн зам мөр, ажил амьдралын эрхээр холдон одсон ч сурагч ахуйн гэгээн бүхэн сэтгэл дотор минь тэр л хэвээрээ. Та нар минь ч хүүхэд зангаараа тодхон байдаг юм. Ангийн найзууддаа, багш нартаа, үе үеийн төгсөгч та бүхэндээ эрдмийн өргөө сургуулийнхаа 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Сэлэнгэ аймгийн, Орхонтуул сумын нэгдүгээр баг, Рашаант. Ерөнхий боловсролын сургууль, Л.Юмжирдулам багштай 28 дахь төгсөлт, 9 “А” ангийн сурагч Г.НАРМАНДАХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *