Categories
мэдээ нийгэм

Төгсөх ангийн сурагчдад зориулсан зөвлөмж, давтлагыг онлайнаар хийнэ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 30 сургуульд 1354 сурагч 12 дугаар ангид суралцдаг бөгөөд тэдэнд өгөх зөвлөмж, давтлагыг онлайнаар зохион байгуулна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор төгсөх ангийн сурагчдад зөвлөмж, давтлага хичээлийг 2020 оны 4 дүгээр сарын 15-наас 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 7 хоног бүрийн лхагва, баасан гарагийн 17 цагаас “Хан-Уул дүүргийн иргэд” Facebook group-д шууд нэвтрүүлэг хийн онлайнаар зохион байгуулна.

Короновирусний халдвараас урьдчилан сэргийлж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, танхимын хичээл сургалтыг хориглосон учраас мэдээлэл, технологийг ашиглан сургалтыг онлайн хэлбэрээр ийнхүү зохион байгуулах юм байна. 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах төгсөгчдөд зориулан Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, төгсөх ангийн багш, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчидтай онлайн хурал, уулзалт зохион байгуулж, элсэлтийн ерөнхий шалгалтын бүтэц, зохион байгуулалтын талаарх бүхий л мэдээллийг ХУД-ийн Боловсролын хэлтсийн вэб сайтаар шуурхай хүргэн ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *