Categories
мэдээ нийгэм

Төгсөх ангийн оюутнууд цэцэрлэгийн ээлжийн багшаар ажиллана


Энэ хичээлийн жил нийслэлийн 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулахаар болсон билээ. Ээлжийн багштай болсноор цэцэрлэгийн эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орох юм. Сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдийг аав ээж нь өглөө 07:00-09:30 цагийн хооронд хүргэж өгөөд орой хүргэж өгсөн цагаас хамааран 17:30-20:00 цагийн хооронд авна. Ингэснээр:

  • Замын түгжрэл буурна
  • Цэцэрлэгийн үндсэн багшийн ачааллыг багасгаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ
  • Аав ээжүүд бүтэн цагаар ажиллах боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзжээ.

Ээлжийн багш нь Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутнууд байна.

Тэд үндсэн багшийн ажил дууссаны дараа буюу 16:30-20:00 цагийн хооронд ажиллаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Суралцангаа ажиллах нь дадлагажих боломж, төгсөөд шууд ажлын байртай болох ач холбогдолтой.

Туршилтаар ээлжийн багш ажиллуулах шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай Засгийн газар нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулахыг зорьж байгаа. Түгжрэл бол маш олон хүчин зүйлээс шалтгаалах цогц асуудал юм. Тиймээс түгжрэлийг бууруулахад салбар бүрийн сайд нар хувь нэмрээ оруулах цогц бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайд хамгийн түрүүнд зөв манлайллыг эхлүүлсэн. Энэ нь туршилтаар 25 цэцэрлэгийн цагийг уртасган 07:00-20:00 цагийн хооронд ажиллуулах шийдвэр юм.

Ингэснээр хүүхдээ 07:30 цагт хүргэх, 17:30 цагт авах гэж түгжрэх шаардлагагүй болж байна. Нөгөө талд хүүхдийг хэтэрхий урт хугацаагаар цэцэрлэгт нь байлгах юм бишүү гэдэг шүүмжлэл гарч байгаа. Үүнийг тухайн цэцэрлэг нь зохицуулна.

Цэцэрлэгийн тухайд хамгийн их түгжрэлтэй газарт байрладаг 25 цэцэрлэгийг сонгож байгаа. Энэ ажил маань тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх юм бол цаашид нийслэлийн хэмжээнд ирэх жилийн улсын төсөвт тусгаж шийдвэрлэнэ” гэсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах гэсэн эцэг эхчүүдийн хөдөлгөөний ачаалал өглөө, оройн түгжрэлийн 25-30 хувийг тус бүр эзэлж байна. Тиймээс бид нийслэлийн хамгийн их ачаалалтай байдаг 25 цэг дэх цэцэрлэгийн 60 бүлгийг сонгож, эцэг эхчүүдэд боломж олгож байна.

Энэхүү шийдвэр нь зөвхөн эцэг, эхчүүдээс гадна цэцэрлэгийн багш нарын ачааллыг бууруулахад чиглэгдэж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын багш нар өдөрт хамгийн багадаа 10-11 цаг ажилладаг. Хүүхэд нэг бүртэй ажиллах, өөрийгөө хөгжүүлэх боломж нь хомс байдаг. Тиймээс энэ ажил үр дүнд хүрэх юм бол нийслэл, улсын хэмжээнд энэ туршлагыг нэвтрүүлж, шаардлагатай зардлыг улсын төсөвт суулгах боломжой” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *