1.Экспортын валютын орлого багассан
2.Импортыг хорогдуулж, валютын зарлагаа хэмнээгүй явсных
3.Гадаадын хөрөнгө оруулалтаар урсгал зардалдаа зориулж оруулж ирдэг валютын орлого багассан
4.Гадаадын зээл тусламжаар орж ирдэг валютын орлого хорогдсон
5.Аж ахуйн нэгж байгууллагууд, арилжааны банкууд гадаадаас оруулж ирдэг гадаад валют хангалтгүй байсан
6.Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадаад валютаа банкинд хадгалуулж байгаа гэх мэт үндсэн шалтгаанаар валютын ханшийг хөөрөгджээ. Товч хэлбэл, гадаад валютын орлого (нийлүүлэлт) нь зарлагаа (эрэлтээ) хангаж чадахгүй байгаатай холбоотой. Өөр ямар ч шалтгаан байхгүй.
ГАДААД ВАЛЮТЫН ХАНШ ХӨӨРӨГДСӨНИЙ ХОР УРШИГ, ХОХИРОЛ
Төгрөгтэй хөрвөдөг гадаад валют, ялангуяа гүйлгээнд хамгийн их хэрэглэгддэг ам.доллар, евро, Хятадын юанийн ханшийн хөөрөгдөл нь улс орон, ард түмэн, аж ахуйн нэгж байгууллагад шууд ба тойруу замаар ямар их хохирол учруулж байгааг тодорхой жишээгээр өгүүлье!
1.Манайд албан томилолт ба жуулчнаар ирж байгаа гадаадынхан зочид буудлын хөлс, хоолны мөнгө, тээврийн зардалд хоногт 60 ам.доллар зарах ёстой байсан бол доллараа төгрөгөөр солилуулж, 30 ам.доллар зарж, ханшийн хөөрөгдлийн зөрүүгээр сул орлого олж, тэр хэмжээгээр улс орон, аж ахуйн нэгж байгууллагыг хохироож байна.
2.Өмнө нь гадаад валютаар авсан зээлийн өр төлбөрийг төлөхөд төлөгч этгээдүүд (Засгийн газар, аж ахуйн нэгж байгууллага, банк, хувь хүмүүс) ханшийн хөөрөгдлийн зөрүүгээр хохирол хүлээнэ.
3.Гадаад валютаар төлбөр хийдэг бүхий л төлбөр тооцоонд төлөгч этгээдүүд ханшийн хөөрөгдлийн зөрүүгээр хохирол хүлээнэ.
4.Манайд ажиллаж байгаа олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрууд, гадаад орнуудын Элчин сайдын яамд валютаар ирсэн зардлаа төгрөгөөр солиулж, ханшийн зөрүүгээр сул орлого олж, тэр хэмжээгээр зардлаа хэмнэж Монгол Улсыг хохироож байна.
5.Гадаадын хөрөнгө оруулагчид урсгал зардалдаа зориулан оруулж ирсэн гадаад валютаа төгрөгөөр сольж, ханшийн зөрүүгээр сул орлого олж, тэр хэмжээгээр нийт хөрөнгө оруулалтаа зохиомлоор нэмэгдүүлж, эзэмших хувьцаа ба ногдол ашгаа мөн зохиомлоор өсгөж, хамтран ажиллагч Монголын Улсын Засгийн газар ба Монголын талын хувь нийлүүлэгчийг хохироож байна.
6.Ханш нь хөөрөгдсөн гадаад валют, ялангуяа ам.доллар, юаниар бараа бүтээгдэхүүн импортолж, төгрөгөөр үнэлж борлуулахад, ханшийн хөөрөгдлийн зөрүүгээр инфляци үүсгэж байна. Өнөөдөр манай инфляци 14,9 хувьд хүрсний тодорхой хувь нь гадаад валютын ханш хөөрөгдсөний нөлөө гэж ойлгож байна.
Энэ бүх хохирол учруулсан буруутан нь хэн бэ? гэвэл, төгрөгийн ханш ба түүнтэй хөрвөх гадаад валютын ханшийг тогтвортой байлгаж чадаагүй Монголбанк, түүний удирдлагууд. Хариуцлага тооцвол, тэдэнд хариуцлага хүлээлгэх ёстой.
ВАЛЮТЫН ХАНШИЙН ХӨӨРӨГДЛИЙГ ЗОГСООХ МОНГОЛБАНКНЫ АРГА НЬ БУРУУГААС ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ БАЙНА
Монголбанк, арилжааны банкуудаас дуудлагын худалдаагаар валют (ам.доллар) худалдан авч, түүгээрээ валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох оролдлого нь үр дүнд хүрэхгүй, ханшийн хөөрөгдөл хоног сараар үргэлжилж, хохирлын хэмжээ нь нэмэгдэж, эдийн засгийн хямрал дээр ханшийн хөөрөгдлийн хямралыг нэмэрлэж байна.
Монголбанк валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох бүтэлгүй арга барилдаа мэргэжлийн дүгнэлт хийж, гадаадаас валютын зээл авах юмуу эсвэл алтныхаа нөөцийн тодорхой хэсгийг худалдах зэргээр “валютын довтолгоон”-ыг үр дүнтэй хийж болох байсан. Гэтэл тэгсэнгүй, бүтэхгүй арга барилтайгаа зууралдаж байгаад харамсч байна.
1994 онд батлагдсан гадаад валютын ханшийг зохицуулах тухай хуульд валютын ханшийн бодлого, зохицуулах арга хэлбэрийг тодорхой зааж өгөөгүй орхигдуулсан нь ажилд нөлөөлсөн нь гарцаагүй.
Нэгэнт л валютын ханшийг зохицуулж чадахгүйгээс цааш төгрөгтэй хөрвөх гадаад валютын ханшийг хатуу тогтоох хэрэгтэй. Жишээлбэл, нэг ам.долларыг 1250-1350 төгрөг, нэг юанийг 160-200 төгрөг. Хятад улс ам.доллартай хөврөх юанийхаа ханшийг хатуу тогтоож амжилтад хүрсэн. АНУ 1980-аад онд зээлийн хүүгийн дээд, хадгаламжийн хүүгийн доод хэмжээг тогтоож байсан. Энэ нь улс орны эрх ашигт нийцүүлэн зах зээлийн зарчмыг зөрчиж болдгийг харуулж байна.
Харин нэг нааштай хандлага ажиглагдаж эхэллээ. Юу вэ? гэвэл, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах нь багасхаар үнэ нь хямдардгийн адил, ханш нь хөөрөгдсөн гадаад валютын (ам.долларын) хэрэглээ нь багасахаар ханш нь буудаг юм. Одоо энэ үйл явц явагдаж эхэллээ. Гэхдээ ханш өссөн суурин дээр хүртэл буурахгүй, тодорхой хэмжээнд хүрээд зогсох байх.
ХЭРЭГЖДЭГГҮЙ ОР НЭР ТӨДИЙ МӨНГӨНИЙ БОДЛОГО
Жил бүрийн мөнгөний бодлогод төгрөгийн ханшийг тогтвортой байлгана, инфляцийг нэг оронтой тоонд барина (2014 оны мөнгөний бодлогод инфляцийг 8 хувьд байлгана гэж төлөвлөсөн, гэтэл өнөөдөр 14,9 хувьд хүрээд байна) гэдэг. Улсын валютын цэвэр нөөцийг импортын 6-8 долоо хоногийн хэрэгцээтэй тэнцэхүйц хэмжээнд байлгана гэж гуравхан үзүүлэлтээр дэндүү явцуу төлөвлөдөг. Төлөвлөсөн үзүүлэлтүүд нь бараг бүхэлдээ биелэгдэлгүй явж ирлээ.
2012, 2013 онд улсын валютын цэвэр нөөц 3,3 тэрбум ам.долларт хүрч байсан бол өнөөдөр 1,6 тэрбум болтлоо буурчээ. Юунд зарцуулснаа мэдээлэхгүй байна.
Гадаад валютын ханшийн хөөрөгдөл үргэлжилж, хохирол нь хоног сараар нэмэгдэж байгаа болон ор нэр төдий мөнгөний бодлогын талаар Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл, Хяналтын зөвлөл юу хийж байгаа нь харагдахгүй байна.
Монголбанкны хараат бус үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй УИХ-ын мэргэжил мэдлэг хүрдэггүй ч гэсэн мэргэжлийн хүмүүсээр ажлын хэсэг байгуулж Монголбанкийг шалгуулж арга хэмжээ авахгүй алгуурлаж суугаад харамсч байна.
ӨГҮҮЛЭХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ ЗАРИМ АСУУДАЛ
Японы хоёр, Хятадын хоёр банк манайд төлөөлөгчийн газар, салбаруудаа нээж ажиллаж эхэллээ. Эдгээр банкны үйл ажиллагааг зохицуулах талаар Монголбанк юу хийж байгаагаа мэдээлэхгүй байна.
Капитал хөрөнгө ихтэй, менежмент сайтай гадаадын хүчирхэг банкуудын салбарууд манайд ажиллах нь сайн муу хоёр талтай. Сайн тал нь аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоно. Болзошгүй муу тал нь өөрийн хөрөнгө багатай, өрсөлдөх чадваргүй, өндөр хүүтэй хадгаламж цуглуулж, өндөр хүүтэй, богино хугацаатай зээл олгодог манай арилжааны жижиг банкуудыг дампууруулж мэдэх юм.
Хэрэв арилжааны банкууд дампуурвал том хадгаламж эзэмшигчдийг хохироож болзошгүй. 20 хүртэл сая төгрөгийн хадгаламж даатгалтай. Түүнээс давсан хадгаламж даатгалгүй байгаа.
Өнөөдөр 7,0 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 95 хувийг нь нийт хадгаламж эзэмшигчдийн тавхан хувь нь эзэмшиж байгаагаас үзэхэд, манай хадгаламж бүхэлдээ баячуудынх болох нь харагдаж байна.
Арилжааны банкууд дампуурсан тохиолдолд том хадгаламж эзэмшигчид мөнгөөрөө ашиг орлого сайтай компаниудын хувьцаа худалдаж авна. Жижиг хадгаламж эзэмшигчдийн зарим нь мөнгөө идэж ууж дуусгана. Зарим нь үндсэн хөрөнгө ба хувьцаа худалдаж авна.
БАНКНЫ САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ЗОХИХ АСУУДЛУУД
1991 онд хоёр шатлалтай банкны тогтолцоонд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл манай эдийн засаг, санхүү төсөв, мөнгө зээл, гадаад дотоод худалдаа, санхүүгийн зах зээл асар их хөгжлөө. Гадаадын зээл, буцалтгүй тусламжид шүтдэг байсан бол гадаад зах зээл дээр бонд гаргаж мөнгө босгодог боллоо. Гадаадын хөрөнгө оруулалт ч их нэмэгдлээ. Товч хэлбэл, санхүү банкны орон зай өргөжиж тэллээ.
Орос, Хятадтай стратегийн иж бүрэн түншилж, хамтран ажиллахаар эдийн засгийн бүх салбарт ихээхэн хөрөнгө оруулалт ирнэ.
Япон, БНСУ-тай өргөн түншилж, хамтран ажиллахаар тэдний хөрөнгө оруулалт ч их ирнэ.
Энэ бүхэн нь манай банкны салбарыг өөрчилж шинэчилж, үйл ажиллагааг нь орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, эдийн засаг, нийгэмд эзлэх байр суурийг нь дээшлүүлэхийг зүй ёсоор шаардаж байна.
Монголбанкнаас ойрын үед ямар ямар асуудлыг хэрэгжүүлбэл зохих талаар тайлбарлаж нуршихгүй, саналаа шууд хэлье!
1.Дэндүү явцуу, ор нэр төдий мөнгөний бодлогоо дараах чиглэлээр өөрчилж, хамрах хүрээг нь өргөтгөх
-Монголбанк инфляцийг бүхэлд нь хариуцдагийг зогсоож, мөнгөтэй холбоотой хүчин зүйлсийг (нийт мөнгийг хэтрүүлж нэмэгдүүлэх; гүйлгээнд байвал зохих бэлэн мөнгийг хэтрүүлбэл; цаасан мөнгийг (эмиссийг) хэтрүүлж гүйлгээнд гаргах; төгрөг ба гадаад валютын ханш хөөрөгдөх) хариуцаж хариуцлага тооцдог болох. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт муудах, үнэ тарифын өсөлттэй холбоотой инфляци үүсгэдэг хүчин зүйлсийг (бараа бүтээгдэхүүний үнэ тарифыг нэмэгдүүлэх; төсвийн урсгал зардал, цалин тэтгэвэр, тэтгэмжийг огцом нэмэгдүүлэх; гадаад зах зээл дээр үнэ нь нэмэгдсэн бараа бүтээгдэхүүнийг импортлох; татвар төлбөрийг нэмэгдүүлэх) Засгийн газарт хариуцуулж хариуцлага тооцдог болох.
-Монголбанкнаас бодит эдийн засгийг дэмжих зээлийг Засгийн газраар биш, арилжааны банкуудаар дамжуулан олгодог болох.
2.Монголбанкнаас арил¬жааны банкуудад хяналт тавьж зохицуулдаг механизмуудыг өөрчилж амьдралд нийцүүлэх. Тухайлбал, арилжааны банкуудаас Монголбанкинд заавал байлгах нөөцийг зогсоох юмуу эсвэл хүүтэй байршуулдаг болох.
3.Монголбанк болон арилжааны банкуудыг хамарсан төлбөр тооцооны нэгдсэн цахим сүлжээг буй болгож, мөнгөний гарах орох урсгалд хяналт тавьдаг болох.
4.Монголбанкны өөрийн нь бүтэц зохион байгуулалтыг нь өөрчилж шинэчлэхийн хамт, орон нутгийн салбаруудыг татан буулгаж, бэлэн мөнгөний зузаатгал хариуцсан 3-4 хүнийг ХААН банкны орон нутгийн салбарт хоёр өрөө хөлслөн суулгаж, зардал хэмнэх.
5.Засгийн газар Монголбанкнаас зээл авбал УИХ-ын тогтоол гардаг болох.
6.Засгийн газар гадаадаас зээл авах юмуу гадаад дотоод зах зээл дээр бонд гаргахад Монголбанкны санал дүгнэлтийг үндэслэж УИХ зөвшөөрдөг болох.
7.Засгийн газрын гадаад дотоод өр; авсан зээл, гаргасан бондын ашиглалтын байдал, үр ашиг ямар байгаа талаар Монголбанк улирал тутам УИХ-д мэдээлдэг болох.
8.Монголбанкны дэргэд банкируудыг давтан сургаж, мэргэжлийг нь дээшлүүлэх төв байгуулж, гадаадаас мэргэжилтэн, эрдэмтэд урьж багшлуулах.
9.Төв банкны тухай болон төлбөр тооцооны тухай хууль, гадаад валютын ханшийг зохицуулах тухай хуулиудыг өөрчилж шинэчлэх.
10.Засгийн газар Монголбанктай санамж бичиг байгуулж, түүний хараат бус байдлыг алдагдуулж, өөрийн дагуур хавсрага болгож, санхүүгийн эх үүсвэрийг нь ашиглаж байгаа буруу үйлдлийг хориглох.
Мөн Засгийн газар Хөгжлийн банкны хараат бус байдлыг алдагдуулж, төрийн банк мэтээр түүний эх үүсвэрийг ашиглаж байгааг таслан зогсоох зорилгоор. Хөгжлийн банкийг Монголбанкны дэргэд ажиллуулж, хараат бус байдлыг нь хангаж, зээл олгоход нь давхар хяналт тогтоож болох.
Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Г.ПҮРЭВБААТАР