Categories
мэдээ нийгэм

ТЦА: Тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдээ буруу тээвэрлэснээс үүдэн хоёр хүүхэд гэмтсэн DNN.mn

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 19, нийт 31 хүн гэмтсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6 хүн амиа алдсан байна.

Тухайлбал, Нийслэлд явган зорчигч мөргөсөн хоёр осол бүртгэгдэж 5 хүн гэмтсэн, автомашин мөргөлдсөн 6 осол бүртгэгдэж 7 хүн бэртсэн байна. Харин орон нутагт явган зорчигч мөргөсөн дөрвөн осол бүртгэгдэж 3 хүн гэмтэж нэг хүн нас барсан, автомашин онхолдсон 7 осол бүртгэгдэж 5 хүн гэмтэж дөрвөн хүн нас барсан, автомашин мөргөлдсөн 6 осол бүртгэгдэж 11 хүн гэмтсэн бол бусдыг дайрсан нэг осол бүртгэгдэж нэг хүн нас баржээ.

Түүнчлэн дээрх осол хэргээс гурван осолд хүүхэд өртсөн бөгөөд нэг нь явган зорчигч, хоёр нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ. Замын хөдөлгөөний холбогдох дүрэм журамд Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдээ буруу тээвэрлэснээс 1-9 хүртэлх насны хоёр хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Үүнээс гадна гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 301, орон нутагт 106 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *