Тээврийн Цагдаагийн Албанаас энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд гарсан ослын хохирогч хүүхдийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулан, долоон машинд учирсан хохирлын хэмжээг мэдээллээ.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр “Иргэнд М-д холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албаны мөрдөн шалгах хэлтсээс долоон тээврийн хэрэгсэл, насанд хүрээгүй, хохирогч С нарын хоёр хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Энэ талаар өчигдөр мэдээлсэн.
Өнөөдөр шинээр мэдээлэл өгөхөд шинжээчийн эхний дүгнэлт бидэнд ирсэн. Тодруулбал иргэн С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу зүүн өвдөг шарх, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдсон. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарлаа. Энэхүү дүгнэлтэд тулгуурлан хохирогчийн ар гэрээс эрүүл мэндийн байгууллагаар нэмэлт шинжилгээг хүлээн, шинжээчдийг нэмэлтээр томилон ажиллаж байна.
Уг ослын улмаас 12 настай С-ээс гадна Э-ийн эрүүл мэнд хохирсон нөхцөл байдлын хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Э-ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн нэмэлтээр шинжээч томилсон.
Урьдчилсан байдлаар осолд өртсөн долоон машинд 117 сая төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар дөрвөн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулсан байдалтай байна.
Шинжээчийн дүгнэлтүүд гарсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.
Хэвлэлийн хурлын эхэнд ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат ослын бичлэгийг прокурорын байгууллага шалгаж байгаа тул задлахгүй гээд осол гаргасан машины маршрутыг зургаар тайлбарлав.
Хуулийн заалт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсэг
2.Энэ гэмт хэргийг:
2.1.согтуурсан, мансуурсан үедээ;
2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.