Хятадын хөрөнгө оруулалттай “TTJVCo” компанийн ажилчид “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс олборлох гэрээг цуцалсныг эсэргүүцэж өнөөдөр /2021.03.10/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Тус компанийн оператор С.Төрмөнх ярихдаа “Уурхайчид бид ажил зогссонтой холбогдуулан төр засагтаа хандаж, үзэл бодлоо илэрхийлж байна. Цар тахлын үед Засгийн газраас ажлын байраа хадгалж, цалингаа тогтмол өгч байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжинэ гэсэн. Гэтэл төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани бидний ажлын гэрээг цуцалснаар ажилгүй боллоо. Нэг энгийн жолоочийн ард олон хүн бий. Ойролцоогоор 3000 ажилтны ард 6000 гэр бүлийн хүн ажил, орлогогүй болж байна. Бид маргааш Сүхбаатарын талбай дээр 14:00-16:00 цагийн хооронд тайван жагсаал хийх мэдэгдлээ өгсөн. Үүний дагуу олон нийтэд зарлаж байна. Төрийн өмчид компани гэхээрээ иргэдээ ингээд хаячихдаг юм уу. Бид өнөөдөр ажил орлогогүй болчихоод байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхайн сайдад хандаж, мэдэгдэл хүргүүлнэ.
Монгол Улсад өнөөдөр уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтгүй компани байхгүй шүү дээ. Манай компанийн ажилчдын 95 хувь нь монгол хүмүүс. Мөн 100 сая төгрөгийн “Амар” гээд даатгалтай.
Цалин хангамж, байр хоол сайтай, тав тухтай компанид хэн ч ажиллахыг хүснэ шүү дээ. Тиймээс бид энэ компанидаа ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Монгол компаниуд ажил, амралтын 40/20, 28/14 гэсэн хуваарьтайгаас гадна ажиллах нөхцөл эрсдэлтэй байдаг. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд манай компанийн хөрс хуулалтын үнийн дүн дээр маргалдаж, гэрээгээ цуцлах шалтгаан болсон юм билээ. Баруун цанхын уурхайд үйд ажиллагаа явуулж байгаа компаниудаас бага үнийн дүнгээр манай компанийг ажиллуулахыг хүссэн. Тэгэхэд нь манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр энэ талаар компанийн өмнөөс бид ярих эрхгүй” гэсэн юм.