Засгийн газрын 2014 оны тогтоолоор баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Цуурын сургалтын төв”-ийн нээлт өнөөдөр СУИС-ийн Соёлын сургуульд болов.
Анх 2009 онд Монголын уламжлалт цуур хөгжмийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсний үр дүнд судалгааны хүрээг өргөжүүлэх, уламжлалт шавь сургалтыг танхимд явуулах боломж бүрджээ. СУИС-ийн Соёлын сургуулийн танхимын багш С.Юндэнбат хэлэхдээ, “Цуур хөгжим нь модон үлээвэр хөгжим дотроо хоёр давхар өнгө гаргадаг, гуравхан даралттай их гайхалтай, содон эгшигтэй онцлог хөгжим. Цуур хөгжмийг гарын таван хуруунд багтахаар цөөн хүн өвлөж авсан байдаг. Сүүлийн үед цуур хөгжмийн сургалт явуулсан нь олны сонирхлыг татаж 30-аад өвлөгчтэй боллоо. Мөн өвлөн суралцагч 100-аад хүн бий. Цуурын хэрэглээ, өвлөгч, судлаач, сонирхогчид нэмэгдэж байгаа ч энэ их өвөө өвлүүлэн уламжлуулж, дахин сэргээх их үйлсийг хөгжүүлэхэд нэлээн хугацаа шаардлагатай” гэв.
Алтайн урианхайчууд цуурыг эрт үеэс Алтайн эзнээс ангийн хишиг гуйх, ган гачиг, зуд турхан зэрэг гамшиг тохиолдоход уул ус, тэнгэр хангайг аргадан тахиж тайх, бороо хур буулгах, алс холын аян жинд явахад хувь заяа, явдал үйлээ даатгах, хурим, найрыг цуурын эгшгээр мялааж, айл гэрийн жаврыг үргээх зэрэг ёслол, зан үйлд ашиглаж иржээ. Харин Төв халхын нутагт ботгоо голсон ингийг морин хуурын аялгуугаар ээнэгшүүлэн уярааж, ботгыг нь авахуулдаг бол Монгол Алтайн урианхайчуудын дунд цуурын эгшгээр ингэ аргадаж “Сариг цагаан ингэ” аязыг цуурдаж ботгыг нь авахуулдаг байжээ.
Дашрамд дурдахад, БСШУЯ, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” хамтран Цуурын олон улсын анхдугаар симпозиум, наадмыг энэ сарын 4,5-нд зохион байгуулна.