Манай улс цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг болж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Тэрбээр өнөөдөр 11-11 төв ажиллах үеэрээ “Төв талбай дээр байгаа эцэг, эхчүүдтэй Эрүүл мэндийн яамны төлөөлөл уулзсан. Өнөөдөр 11-11 төвд нэг хүүхдийн эцэг, эх ирж, санал гомдлоо хэлсэн.
2021 оны улсын төсөвт тодотголоор 116 тэрбумыг цэвэр эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжүүдийг сайжруулж, чадавхжуулах зорилгоор худалдан авалтуудыг хийгдсэн. Энэ хөрөнгө оруулалтын хүрээнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт хийх бэлтгэл ажлууд хийгээд байна. Удахгүй насанд хүрсэн эхний нэг хүн энэ хагалгаанд ороход бэлэн болоод байгаа.
Мөн бид тавдугаар сард хүүхдэд энэ хагалгааг хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Ер нь гадагшаа явах урсгалыг багасгах, ялангуяа өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг эх орондоо хийдэг болохыг зорин ажиллаж байна.
Ялангуяа цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг өөрийн орондоо хийж нутагшуулах зорилт тавьсан нь хийгдэж эхлэх гэж байна” хэмээн хэлсэн юм.