Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, тариаланчдад энэ сарын 7-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүйг анхаарууллаа.
Аравдугаар сарын 6-нд барууны хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан.
Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Энэ сарын 8-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.