– Өнчирч үлдсэн долоон сартай охин өлсөхийн эрхэнд угжаа үлгэж ядан байна–
Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртаас Улаанбаатар хот руу явж байсан “Дайчин сүх” компанийн автобус өнгөрсөн бямба гаригийн өглөө онхолдож, зургаан хүн амиа алдсан харамсалтай осол гарсан билээ. Уг харамсалтай хэргийн эргэн тойрон дахийг хүргэе.
Хохирогчдыг хувийн эмнэлэгт MRI аппаратад оруулж байна
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д осолд орсон хохирогчдоос 29 нь хэвтэн эмчлүүлж байна. Биднийг өчигдөр тус эмнэлэгт очиход осолд орсон хүмүүсээс зургаа нь тасагт орсон. Олонхи нь хонгилд эмчилгээ хийлгэж байлаа. Тус эмнэлэг 300 ортой. Гэтэл 512 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Сүхбаатар аймгаас осолдож ирсэн хүмүүсээс болж ачаалал нэмэгдсэн юм биш, ер нь шөнө бүр 100-200 хүн гудсан дээр хонгилд хэвтдэг гэдгийг эмч нар хэлж байсан. Автобусны осолд орсон хохирогчдын нэгийнх нь биеийн байдал тун хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Тэрбээр хоёр охинтойгоо хамт явж байсан бөгөөд ослоор долоон настай охиных нь тархи гэмтжээ. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа А-гаас гадна дөрвөн хүн хавсарсан гэмтэлтэй учраас бие нь тун хүнд байгаа аж. Мөн урьдчилсан байдлаар долоон хүн хүзүү, нурууны, 11 хүн гавал, тархины гэмтэл авсан байна.
ГССҮТ-ийн MRI аппарат компьютергүй гэх шалтгаанаар бүрэн ажиллахгүй байгаа аж. Тиймээс хохирогчдыг “Брилланс” эмнэлгийн MRI аппаратад оруулахаар болжээ. Өвчтөнүүдийг MRI аппаратаар шинжилгээнд оруулах зардлыг “Дачин сүх” компани болон Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл хариуцаж байгаа аж. Гэвч эмнэлгийн аппарат халах, гацах зэрэг хүндрэлээс өчигдөр 17.00 цагийн байдлаар дөрөв дэх хүн орж байгааг өвчтөнүүдийн ар гэрийнхэн ярьж байсан. Өчигдрийн тухайд MRI аппаратаар шинжлэхээр 15 хүний нэрийг жагсаасан байв. Өвчтөнүүдийн тухайд олон цаг хүлээсэн, дугаарласан гэх зэргээр бухимдалтай байсан. Нэг хүнийг шинжилгээнд оруулахад нэгээс гурван цаг зарцуулдаг учраас хүндрэл их байгааг эмнэлгийнхэн хэлж байсан.
Өнчирч үлдсэн долоон сартай охин өлсөхийн эрхэнд угжаа үлгэж ядан байна
Эмнэлэгт очиход гэр бүлээрээ осолдож, тасгуудад хуваарилагдсан хүмүүс нэгийнхээ биеийн байдлыг сурагласан, өнчирч үлдсэн нялх амьтан угжаа голоод хөхөхгүй байгаа, өрөөсөн чихээ тасдуулсан хүн гуниж хэвтсэн гэх зэргээр өр өвдмөөр дүр зураг угтсан. Өвөө дүүтэйгээ хамт явж байсан охин осолдож ирээд өөрөө гурав, өвөө нь дөрөв, дүү нь нэгдүгээр давхарт эмчлүүлж байх жишээтэй. Аав, ээж дүүтэйгээ явсан хүү өөрөө Гавал тархины тасагт, дүү нь Хүүхдийн гэмтлийн тасагт эмчлүүлж байгаа бол ээж нь Налайхын эмнэлэгт үлджээ.
Долоон сартай Э охины ээж ослын газарт амиа алдсан. Тэр нялх амьтан аав, ээж хоёртойгоо явж байжээ. Охины тархи гэмтсэн аж. Ээжээсээ өнчирч үлдсэн охин угжтай сүүг танихгүй, голж уйлах нь зүрх зүсмээр. Өлсөхийн эрхэнд угжаа үлгэж ядан байх юм. Түүнийг аавынх нь дүү харж байлаа. Аав нь ханийнхаа ажил явдалд явсан аж.
Ханиа алдсан Д гуай хүзүү, нурууны гэмтэлтэй эмчлүүлж байв. Тэрбээр “Ослын дараа ханийнхаа биеийг асуухад хөл мэдээгүй байна гэсэн. Зүгээрээ, хөл л хугарсан байна шүү дээ. Дороо эдгэчихнэ гээд тэврээд сууж байтал бурхан болчихлоо” гээд уйлаад байсныг хамт хэвтэж байсан хүмүүсийн ар гэрийнхэн нь ярихдаа хоолой зангирч байв.
Ирэх наймдугаар сард төрөх М бүсгүй Хүзүү, нурууны гэмтлийн тасагт эмчлүүлж байна. Мөн Үений тасагт зургаан сартай жирэмсэн бүсгүй хэвтэж байлаа. Азаар хоёр бүсгүйн ураг гэмтээгүй бололтой гэж ар гэрийнхэн нь ярьсан.
Эмнэлэгт хэвтээгүй ч гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа цөөнгүй хүн шинжилгээгээ ямар журмаар, хаана өгөхөө мэдэхгүй байгаагаа хэлж байсан. Заримыг нь ар гэрийнхэн нь ослын газраас очиж аваад хувийн эмнэлэгт хэвтүүлсэн гэнэ. Тэдний шинжилгээний зардлыг хаанаас нэхэмжлэхээ мэдэхгүй байна гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байсан. Мөн тухайн үед зовиургүй байсан ч өчигдрөөс бөөлжсөн, хойшоо эргэж харж чадахгүй байгаа гэх зэрэг зовиуртай тав, зургаан хүн байгаа аж. Тэдэнд ГССҮТ-д ирж шинжилгээ өгөхийг эмч нар зөвлөж байсан.
Хохирогчдын ар гэрийнхэнд “Дайчин сүх” компанийнхан үйлчилж байгаа гэв
Хохирогчдын ар гэрийнхэн нийтийн тээврийн “Дайчин сүх” компанийнханд гомдолтой байгаагаа хэлж байв. Тэд “Монгол хүн гэдэг үгээр урамшиж байдаг. Тус компанийнхан ирээд бие нь яаж байна гээд асуучихсан бол сэтгэл өег байх байсан” гэцгээж байв. Энэ талаар “Дайчин сүх” компанийн захирал н.Нацагдоржоос тодруулахад “Бид осол гарснаас хойш өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гэмтлийн эмнэлэгт манай компанийн хоёр автобус хохирогчдын ар гэрийнхэнд үйлчилж байна. MRI аппаратад оруулахаар хоёр хүн ээлжээр ажиллаж байгаа. Яг орных нь дэргэд зогсохгүй байгаа ч гадуур ажиллаж байна. Ослын шалтгааныг тодруулж амжаагүй байгаа учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
“Тэнгэр даатгал” компани хохирогчдод нөхөн олговор олгоно
Орон нутгийн нийтийн тээврээр зорчигчид албан журмын даатгалд хамрагддаг байсан. Энэ журам өөрчлөгдсөнөөр зорчигчид сайн дураараа зорчигчдын даатгалд хамрагддаг болсон билээ. Онхолдсон автобусанд зорчиж явсан хүмүүсийн тухайд 21 нь даатгуулсан байжээ. Нас барсан зургаан хүний дөрөв нь даатгалтай байж. Талийгаач тус бүрийн ар гэрийнхэнд 3.5 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болжээ. Мөн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн эмнэлэг, эмчилгээний зардал, ажилгүй байх үеийн нөхөн олговрыг нь хурдан хугацаанд шийдвэрлэхээр болсон байна. Үүнээс гадна зорчигчийн даатгалд хамрагдаагүй байсан хүмүүст тус бүрт нэг сая төгрөгийн тусламж олгож, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр болжээ.
Цухалхан монгол зангаас болж олон хүн амиа алдаж байна
Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд 50 гаруй хүн тээвэрлэж байсан 05-22 СҮА улсын дугаартай автобус хурд хэтрүүлж яваад, тойрог зам дээр онхолдсон гэдэг урьчилсан таамаг бий. Зорчигчдын ярьж байгаагаар автобус 100 км.цаг хурдтай явсан гэдэг. Энэ бол орон нутгийн замд явж байгаа нийтийн тээврийн автобусны хувьд “дундаж” хурд гэхэд болно. Ингэж хурд хэтрүүлж яваад, машинтай мөргөлдөх, хүн дайрах зэргээр осол гаргах нь их. Нийтийн тээвэр гэдэг зорчигчдод хамгийн аюулгүй унаа байх учиртай. Жолооч нь олон хүний амь хариуцаж яваа гэдэг утгаараа хамгийн их сахилга баттай байх ёстой. Сахилга бат гэдэг хүн харахгүй байсан ч мөрдөх ёстой зүйл. Гэтэл жолооч нар орон нутгийн замд цухалхан монгол зан гаргаж олон хүнийг хохироох боллоо. Орон нутагт зорчиж байгаа автобуснуудын хурдыг хэмжих GPS төхөөрөмж суурилуулах тухай олон жил ярьсан. 05-22 СҮА улсын дугаартай автобусанд ч ийм төхөөрөмж байжээ.
Гэвч улсын комисс хүлээж аваагүйгээс ажиллуулж эхлээгүй байгаа гэнэ. Хэрвээ энэ төхөөрөмж ажиллаж байсан бол хурд хэтрүүлсэн мэдээлэл нь удирдлагын төвд ирж, төвөөс хурдаа тохируулах шаардлага тавих боломжтой байжээ.
Зам тээврийн осол монголчуудын зан араншингийн илрэл байдаг. Жолооч нар яаруу, адгуу, нэгнээсээ давах гэсэн хөөрүү зангаасаа болж зам тээврийн осол гаргаж алдах боллоо. Орон нутгийн зам нарийнхан, энхэл донхолтойгоос гадна тойруу ихтэй. Гэтэл тийм зам дээр чөлөө л гарвал нэгийгээ гүйцэж түрүүлэх гэдэг, авто уралдаанд оролцож байгаа мэт давхидгаас осол гарч байгааг цагдаагийнхан хэлдэг. Тиймээс ч Нийслэлийн замын цагдаагийн газраас орон нутгийн замд жолооч нар техникийн бүрэн байдлыг байнга шалгах, замын нөхцөлд хурдаа тохируулан өөрийн болон зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангаж явахыг анхааруулсан юм.
05-22 СҮА улсын дугаартай автобусыг ээлжийн жолооч Э жолоодож явжээ. Үндсэн жолооч Б-гийн хувьд хүнд гэмтэлтэйгээр эмчлүүлж байгаа аж. Үндсэн жолоочийн хувьд олон жил машин жолоодсон туршлагатай нэгэн гэнэ. Ээлжийн жолооч ч цөөнгүй жил орон нутагт явсан гэдгийг ойр хавийнхан нь ярьж байсан. Тэд туршлагагүйдээ биш ерөөсөө л яаруу, адгуу цухалхан зангаасаа болж ийм осол гаргасан гэдгийг хүмүүс ярьж байсан. Урьд шөнө нь шаварт сууж алдсан хоёр цагаа нөхөхийн тулд давхиж яваад онхолдсон бололтой юм. Ослын газрын зураг дээрх дугуйны хар мөрөөс харахад л хэр хурдтай явсан нь харагдаж байгааг хүмүүс ярьсан.
Арав хоногийн өмнө Баяндавааны цаана автобус онхолджээ
Улаанбаатараас Багануур чиглэлд явж байсан автобус арав хоногийн өмнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндавааны цаана Дөтлүүрийн давааны орчимд онхолджээ. Зорчигчдоос арав гаруй хүн гэмтсэний зарим нь ГССҮТ-д эмчлүүлжээ. Зорчигчдын нэгтэй холбоо барихад “Хурд хэтрүүлж яваад онхолдсон. Жолоочийнх нь ярьж байгаагаар жолооных нь удирдлага ажиллахгүй болсон гэнэ лээ. Даваа өгсөж яваад чулуунд зэвэрсэн төмөр нь цохигдож, жолооных нь аппарат ажиллахгүй болсон гэсэн. Солонгосоос авчирсан тэр автобусны доод тал нь нэлэнхүйдээ зэв байна лээ. Тэгэхээр тэнд ашиглагдахаа больсон автобусыг Монголд оруулж ирсэн гэсэн үг. Орон нутагт явж байгаад автобус тарж унаад байгаагийн учир энэ. Хэрвээ энэ ослын талаар олон нийтэд мэдээлж, сайн сэрэмжлүүлсэн бол зургаан хүн амиа алдахгүй байсан ч юм билүү” гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Замын цагдаагийн газраас осол их гардаг орон нутгийн замуудын талаар судалгаа хийснээ танилцуулж, сэрэмжлүүлсэн. Тэр жагсаалтад Баяндаваа, Дөтлүүрийн даваа орсон. Ийм эрсдэлтэй “хар жагсаалтад” орсон замуудаар сэрэмжтэй явахыг жолооч нарт сануулж байна.
Ц.ӨРНӨХ
Б.САРАНЦЭЦЭГ