Categories
мэдээ цаг-үе

Цоодолын Хулан: “Хулангийн үдэш” маань эв нэгдлийн баяр юм

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлого хариуцсан зөвлөх, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цоодолын Хулантай уулзаж ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг, их завгүй ажил алба эрхэлдэг бололтой юм байна. “Хулангийн үдэш” уран бүтээлийн цэнгүүнээ тэр их ажлынхаа хажуугаар олон түмэндээ толилуулах гэж байгаа гэл үү?

-Хүний хийж байгаа ажил өөрийнх нь дадлага туршлага, эзэмшсэн мэдлэг боловсрол, итгэл үнэмшлийн голдрил сувгаар урсаж байвал үр бүтээлтэй. Хийе хэрэгжүүлье гэж зорьж байсан, битүүхэндээ зовж шаналдаг үйлс зорилго маань энэ улс төрийн албан тушаалтай хувь заяаны эрхээр холбоотой болчихлоо л доо, нэг үгээр хэлбэл би “тогоондоо” л байгаа. Гагцхүү, өргөн “фронтоор” л харах, ажиллах ёстой болдог юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Өнөөдөр бүх ард түмний эв нэгдэл хангалттай биш байна гэвэл олон хүн үгүй гэхгүй ээ. Оюун санааны эв нэгдэл, эх хэлний нэгдмэл байдал, өв соёл, түүх, язгуур уламжлалаа ойлгох ард иргэдийн оюун боловсролд нэлээд их өөрчлөлт гарчээ. Яагаад гэхээр бид ардчиллын гэх он жилд, гадаадаас хараат болж, урхинд нь толгойгоо шургуулаад өгчихсөн улс төрийн намуудын золиос болсоор ирж. Гадаадын зээл тусламжийн өгөөшинд хүн ардынхаа боловсрол, үндсэрхэг хөрс, сэтгэлгээний уламжлалыг хөсөр хаяж өгч, “тархи угаалт”-ын үзэл суртал, даяаршил нэрт золбиншлын элементүүдийг тээвэрлэн оруулж иржээ. Айлуудын хойморт зурагтаар хүчирхийлэл, садар самуун, дон адыг сурталчлан дэлгэрүүлсэн кино сэлт өдөр шөнөгүй гарч байгаа нь л гэхэд үүний нэг илрэл. Яриа, бичгийн эх хэлээ иргэд тэр бүр дээдлэхгүй байгааг цахимаас харж болно. Үндэсний брэндүүд бий болж байгаа ч сэтгэлгээний хэв маяг харьжиж байна. Боловсролын нэгдсэн хөтөлбөргүйгээ ярьсаар хоёр арваныг үдлээ. Нэг л их уул уурхай, мөнгө, улс төр гэж хэрэлдсээр эдийн засгийн салбартаа төдийгүй, оюун санааны хагарал, хоосролд ортлоо хохирчээ. Капиталын баялгаар биш, оюун санааны байдлаар хүмүүсийг давхраажуулах гэж үзвэл, мэдэмхийрч хийрхсэн нэг хэсэг, эвлэрэн дагалдсан нэг хэсэг, бүр юм бүхнийг, хүн бүрийг үгүйсгэдэг зэрлэгшсэн нэг зузаахан давхарга Монголд бий болоо юу даа. Учиргүй баяжсан, яавал яаг эд нар гэсэн үл тоогсод ч байна. Үүссэн энэ хар ангалын ан цавыг нь яаж нийлүүлж, монгол хүн бие биенээ хүндэлдэг, Монголын төр иргэнээ дээдэлдэг, иргэн нь төрдөө итгэдэг үнэмшдэг болгох вэ. Соёл, шашныхаа салбарыг маш түлхүү дэмжих ёстой. Ходоод хонхолзож байсан үедээ ч монгол хүн ёсоо дээдэлдэг, төрлөө таньдаг байсан түүхтэй шүү. Энэ салбар бол юун уул уурхай, тэрнээс чинь хэд дахин нандин, алдаж асгаж болохгүй үнэт зүйл юм. Энэ ажлынхаа завсраар дөрөв дэх удаа болох гэж буй “Хулангийн үдэш”-ээ дөрвөн жил завсарласны эцэст энэ сарын 6-ны өдөр 16 цагаас Соёлын төв өргөөнд хийхээр төлөвлөөд байна. Яруу найраг бол тэр чигээрээ үзэл санаа, тэгэхээр “зөвлөх” Хулангийн үндсэн ажлын нэгээхэн хэсэг гэж ойлгож ч болно.

-Төрийн ордонд болсон Соёл урлагийн ажилтнуудын зөвлөгөөн дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлт нийгэмд нэлээд хүрсэн. Соёл урлагийн салбар бол зөвхөн соёл урлагийн салбар биш. Энэ бол үндэстний дархлаа, аюулгүйн баталгаа, нийт хүн амын соёл, боловсрол,монгол ёс жудгаа дээдлэх гэх мэт өргөн хүрээнд авч үзэх сайн илгээлт болсон байсан. Мэдээж та энэ илгээлтийг бичилцсэн байх?

-Соёл, шашны бодлого гэхээр олон л зүйл багтана. Соёл гэхэд соёл урлагийн тайз ч гэх юм уу хязгаарлагдахгүй. Монголчуудын олон зуун мянган жилд бүтээж бий болгосон өв уламжлал, ёс заншил, харилцааны дадлуудаа мартлаа. Ахмад настнаа хүндэтгэх, өөрөөсөө дүү хүмүүст ээл элбэрлээ үзүүлж үг хэлэх сургах гээд он цагийн хэлхээст гажиж мартагдсан зүйлс маань ч яах аргагүй соёл шүү дээ. Улс төрийн албан тушаалтан худлаа хэлэхгүй байх, УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө, хийсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх бол бүүр том соёл. Энэ олон соёл юунаас бий болдог вэ гэхээр сэтгэлийн соёл, сэтгэлийн боловсролоос шалтгаална. Гучаад жилийн өмнө хаалттай нийгмээс гарч ирэхдээ хүн бүхэн дэлхий рүү чиглэж, гадаад соёл, шашин, боловсрол руу хошуурдаг болсон. Гадаад явж гаатай бохь зажлахыг, дэлхийн хүн төрөлхтөний сайн муу хөгжлийг оруулаад ирвэл болчихно, зуунтайгаа мөр зэрэгцэнэ гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр монголчууд дэлхийн масс соёлын интервенци буюу дэлхийн ахуйн соёлын түрэмгийлэлд хэтэрхий их автсан байна. Эргээд бид гадагшаа сагах биш дотогшоо хумих руу тэмүүлэх нь чухал болсон харагдах юм. Оросын нэрт найруулагч Никита Михальков “Созерцание более важна, чем деятельность” гэж хэлснийг би орчуулах гэж бодоод л явсан юм. “Таран үймэх биш хуран үйлдэх нь илүү чухал” гэсэн санаа юм л даа. Сэтгэлээ яаж алдчихгүй тогтоох вэ, шуналаас яаж татаж авах вэ, мэдээллийн их урсгалд яаж сэтгэлээ живүүлчихгүй байх вэ, дэлхий нийтийг нөмөрчихсөн масс соёлд яавал үндэстнээрээ живэхгүй байх вэ гэсэн асуудал өмнө тулгарч байна. Монгол үндэстэн өөрийгөө авч үлдэх үү гэдэг түүхэн сонголтод тулсан энэ үед, үүний төлөө явах ёстой гэсэн санаа Ерөнхийлөгчийн илгээлтэд шингэсэн байсан.

-Анхны “Хулангийн үдэш” 2007 онд болж байсан. Улсын цирк үзэгчдээр битүү дүүрэн, хоёр цагийн арга хэмжээ таван цаг болтлоо үргэлжилж байлаа. “Хулангийн үдэш”-үүд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тэр нь юу вэ гэвэл хамгийн олон төрийн тэргүүн, УИХ-ын дарга нар зэрэгцээд цэцэг барьж, суудал эзэлж олон цагаар сууж шүлэг, үзэл бодол, шүлэг сонсдог. “Хулангийн үдэш” утга зохиолд үзэгдэл шиг болсон. 2007, 2009, 2013 онд сонгуулийн өмнө сэхээтнүүд улс төрийн чиг баримжаагаа авах гэж ирдэг наадам болсон. Хамгийн гол улстөржиж намжих биш монголчуудын улс төрийн эв эеийг бэлгэдэж тухайн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан улс төрийн 15 намын төлөөлөл зөвхөн “Хулангийн үдэш” дээр нэгдэж цугларч байсныг би санаж байна?

-Тийм ээ, “Хулангийн үдэш” бол эв нэгдлийн баяр юм. Яагаад эв эеийн баяр байдаг вэ гэхээр “Хулангийн үдэш” улс үндэстнээ үгийн цэц урнаар хүмүүжүүлэх ёстой үнэн үгт яруу найрагчдыг тайзнаа урьж гаргадаг цорын ганц баяр наадам болж хувирсан. Энэ бол ганцхан Хулангийн үдэш биш нийт яруу найрагчдын баяр болсон. Мөнгөн санчигтай буурал яруу найрагчдын хэлдэг үгийг тоодог хүн өнөө байхгүй болох вий гэхээс би айдаг. Монголчуудыг яруу найрагт дуртай л ард түмэн гэдэг. Гэтэл дараа үе минь тийм байж чадаж байна уу, үгүй юу. Хэтэрхийеэ үлэмж тансаг эх хэлээ мэдэхээ байчихсан, зөв бичгийн дүрмийг мартчихсан энэ хүүхдүүд маань шүлэг уншиж гэмээнэ уншсанаа ойлгож чадаж байна уу, үгүй юу. Томчууд хүртэл эх хэлээрээ яриад байгаа хэрнээ хоорондоо хараал тавиад, ойлголцохоо больсон. Цахим ертөнцөд нэгнийгээ ямар муухайгаар бичиж байна вэ. Монголчууд л хоорондоо эвлэж амьдрахгүй бол болохоо байчихсан энэ үед “Хулангийн үдэш” монголчуудынхаа эв нэгдлийн төлөө дуугарах өчүүхэн уриа нь байх болно. Тэнгэр дуугарах шиг сүртэй биш ч, огт дуугарахгүйгээс дээр шүү дээ.

-“Хулангийн үдэш”-т олон жил хэвтэрт байсан төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнг тэргэнцэртэй авчран уншигчидтай нь уулзуулж байсан уярам түүх бий. Энэ жил П.Бадарч гуайн лагшин жаахан ядранги л байгаа байх. Буурал найрагчдаас хэн хэн шүлгээ унших вэ?

-Монголын утга зохиолд гарзтай хүнд хэцүү жил тохиолоо. Үгсийн цэцэрлэгт бүтээж туурвиж явсан олон сайхан зохиолч, яруу найрагчид маань нарт хорвоог орхилоо. Соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв зохиолч маань бурхны оронд одлоо. Их гүүш Хасбаатарын Мэргэн ах минь тэнгэрт одчихлоо. Зохиолч Х.Зандраабайды хэвтэрт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай маань дээр доор л байна. П.Бадарч гуай маань нэлээд хүнд хоёр жилийг ардаа орхилоо. Нэрт шог зохиолч И.Цэрэнжамц гуай маань хоёр хөлөө тайруулчихсан, агуу их шог зохиолч маш шог амьдралыг туулж байна. Монголын хошин урлагийн төрөл ерээд онд И.Цэрэнжамц, Ж.Барамсай нарын зохиол туурвил дээр боссон. Тиймээс манай хошин урлагийн алдартнууд нэг юм бодож байгаа байх. “Хулангийн үдэш”-ээ өнгөрөөгөөд хавраас И.Цэрэнжамц гуайнхаа уран бүтээлийн үдэшлэгийг гардан хийж өгнө гэж амласан байгаа. Энэ амласан үгэндээ би хүрнэ. МЗЭ-ийн байгууллагатай ярьж тохирсон. “Хулангийн үдэш”-т мэдээж миний аав, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол ирнэ, П Бадарч гуай маань ёстой яаж ийгээд ирнэ гэж хөөрөөд байна гэсэн. Азийн тэргүүн найрагч Дамдинсүрэнгийн Урианхай, ардын уран зохиолч Тангадын Галсан гээд өнөөхөндөө эрвийж сэрвийж үе цагаа авч яваа хэдэн хөгшчүүлээс маань ирдгээрээ ирнэ. Үеийнхэн маань, дүү үеийн яруу найрагчид ирж шүлгээ уншина.

-Та номоо олон тоогоор хэвлэдэг байх. Харин уншигчид болохоор “Хулан найрагчийн ном олдохгүй юм” гэлцэх юм?

-Би өөрөө их арчаатай хүн биш юм байна, Цэнгэл ээ. Хүмүүс гаднаас хараад “Сүрхий арчаатай хүн биз” гэж боддог байх. Тийм биш юм байна. Надад одоо хүртэл олигтой зургийн цомог ч алга. Авахуулсан зургууд маань хаа сайгүй л хэсэж явдаг. Бичсэн номуудыг маань манай гэрт найз нөхөд маань ирвэл “хулгайлаад” аваад явчихна, эсвэл хаа нэг газарт уулзалтад оролцохдоо хүн гуйвал өгчихдөг. Харьцангуй олон тоогоор, бараг арваад мянган ширхгээр хэвлэгдсэн “Зүгээр л нэг амьдрах сан” ном маань л гэхэд өнөөдөр хүртэл эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Би номнуудаасаа тэгтлээ мөнгө олоод байдаггүй. Номоо хэвлүүлье гэж хөөцөлдөлгүй дараагийн ажилдаа дарагдаад явдаг. Одоо өөрийн уран бүтээлээ хийгээд явах цаг зав бүүр ч хомсхон болсон. Яруу найраг, шүлгээ бичихээс илүү соёл, шашны салбараа яавал өөд нь татчих вэ гэж нэлээд хэдэн хуулийн төсөл дээр хүмүүстэй хамтран ажиллаж байна. Ялангуяа өвдөж зовох үед нь тэтгэх дэм болох сантай болгомоор байна. За, шашин гэвэл бүүр их асуудал байна аа. Шашны чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч, эрдэмтэд судлаачидтайгаа ажиллаж байна.

-Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлгэдэл гээд ёстой л билэгдэл төдийг нь илэрхийлэх үг шиг бодогддог. Гэтэл энэ улс орон шашны хувьд гэхэд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихоод байх шиг санагдах юм. Шашны асуудал хариуцсан зөвлөх үүнийг анзаарч л байдаг байлгүй?

-Монгол Улсын оюун санааны эв нэгдлийн нэгэн илэрц бол шашнаараа харагддаг. Бид саяхан нэг судалгаа хийлгэлээ. Манайд язгуур шашин Буддын хийдээсээ хоёр дахин илүү Христийн сүм хийдүүдтэй болсон байна. Мормон, Мүүнийн гээд олон урсгал орж ирснээр монголчууд шашны цул бат эв нэгдлээ алдаад, гадныханд тавиад туучихаж. ТББ-ын нэрээр л бүртгүүлээд орж ирэх намхан босготой гадаадын шашныхан Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу. Ядуурал, боловсролын гажуудлыг далимдуулаад оюун санааны эв нэгдлийг хагалан бутаргаад байна уу, үгүй юу. Баримтууд байгаа шүү, олдсоор байна. Бид ч дэмий л олон жил судалж, шогширч суухын оронд дорвитой хуулиа хурдан санаачилж батлахсан. Монгол хүнийг яагаад нэгэнтэй нь хэрэлдүүлээд байна вэ, яагаад үр хүүхдийг маань өдрийн хоол, нэг удаагийн хичээлийн хэрэгсэл өгөх маягаар урхидаад байна вэ. Гаднын шашны нөлөөнд орсон байж магад хүүхдүүд маань яагаад гараа алдлаад өндрөөс унаж үхээд байна вэ. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны тайланд жилд 120 гаруй хүүхэд амиа хорлодог тоо орсон. Тавхан жилийн дотор зургаан зуу гаруй хүүхэд амиа алдсан байна. Харийн шашны гаж нөлөө байгааг бид үгүйсгэж болохгүй, тодосгон мөрдөх, хавчин гаргах ч ёстой. Монгол Улсын “Үндсэн хууль”-нд хүн бүхэн шашин шүтэх эрхтэй ч шашнаар далимдуулж хүүхэд залуусын маань оюун санааг хордуулж буй гаднын харгис халдлагаас төр өөрийн гэсэн хамгаалах механизм, дархлааг бий болгох ёстой. Энэ бүхэн рүү ороод явчихаар дан ганц өөрийнхөө уран бүтээлийг бодоод явна гэдэг худлаа болох юм.

Л.Батцэнгэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *