Циркийн агаарын үзүүлбэрт монгол эмэгтэй дэлхийн дээд амжилт эвдсэн байна. Тэрбээр агаарт гурав эргэж, дөрвөн метрийн өндөр сандал дээр гарчээ. Ийм үзүүлбэрийг эмэгтэй циркчин анх удаа хийснийг Монголын үндэсний циркийн багийнхан хэлж байна.
Манай циркчдийн хувьд түрүүлэхэд хоёр оноогоор дутжээ. Түүнчлэн манай циркчид тэмцээнд хамгийн хүнд үзүүлбэрүүдийг үзүүлж, монголчууд нугарахаас гадна агаарын үзүүлбэрүүдийг ч хийж чаддаг гэдгээ харуулсан байна.
БНХАУ-ын Хэбэй мужид болсон энэ тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Герман, Орос, Мексик, Канад, АНУ гээд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жүжигчид оролцдог наадам юм. Тэднээс хамгийн хүчирхэг, чадварлаг нь монголчууд байсныг олон улсын циркийн багийнхан онцолсон байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн есдүгээр сард Оросын Москва хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд н.Номуунбаатар ахлагчтай Монголын циркчид оролцож, мөнгөн цомын эзэн болжээ.