Циркчид өнөөдөр Хуучин циркт хэвлэлийн хурал хийлээ. Энэ хэвлэлийн хуралд Монголын 300 гаруй циркчин ирж оролцож, өөрсдөд нь, салбарт нь тулгамдаад буй асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд хандсан юм.
Монголын циркчдийн анхны бөгөөд эцсийн зогсоол болсон Хуучин циркийн барилга 2015 онд галд өртөж, улмаар МХЕГ–аас ашиглаж болохгүй хэмээн акталсан учраас Монгол Улсын “Консерваторийн Бүжиг” сургуулийн циркийн тэнхимийн сурагчид майхан циркт бэлтгэл хийж байгаа юм. Гадаа хүйтэрч эхэлсэн учраас цаашид энэ байдлаар бэлтгэл сургуулилтаа хийх боломжгүй болсон байна. Тиймээс Монголын циркчид дараах БСШУСЯ болон Засгийн газарт хоёр шаардлага хүргүүлж буйгаа энэ үеэр мэдэгдлээ.
Монгол Улсад циркийн урлаг үүсч, хөгжөөд 79, циркийн сургууль байгуулагдаад 80 жил болж байна. Нэгэн үе дэлхийг шуугиулж байсан Монгол циркийн барилгыг 13 жилийн өмнө хувьчилснаас хойш бүхэл бүтэн урлагийн чиглэлийн бодлого алдагдаж, залгамж халаа нь бэлтгэл хийх байргүй, төгссөн жүжигчид нь цалингүй болцгоож, өөрсдөө хувиараа ажил хийцгээж, жижиг студи, продакшнуудад хуваагдан амьдрахаас өөр аргагүй болсон байна.
Шаардлагад:
1.Монгол Улсын Консерваторийн хашаанд байгаа газар дээр, хийлгэсэн зураг төслийн дагуу Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөх
2.Циркчдийн соёлын өв болсон Хуучин циркийн барилгыг шинэчлэн ордон барьж өгнө үү.
3.Түүнчлэн засварласныхаа дараа Монголын үндэсний цирк ямар бодлого баримтлан, хэрхэн ажиллах талаар албан ёсоор тайлбар авахыг хүсэж, албан бичиг хүргүүлж байгаа аж. Энэ шаардлагууд амин чухал учраас Засгийн газар хүлээн авна гэж найдаж байна гэжээ.
Хэвлэлийн хурлын үеэр Циркийн сургуулийн тэнхимийн багш, найруулагч СТА Ю.Гэрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн 13 жилийн хугацаанд хаана бэлтгэл сургуулилтаа хийж байсан бэ?
-Циркийн уран бүтээлийг бэлдэхийн тулд ганц цагийн ажил шаардагдахгүй. Нэг үзүүлбэрийг зургаан сараас нэг жилийн хугацаанд бэлддэг. Бид бэлтгэлээ гадаадын циркүүдэд очиж бэлддэг, гэрээ байгуулаад дараагийн тэмцээн эхэлтэл тухайн гэрээ хийсэн газраа бэлтгэлээ хангах маягаар явж ирлээ.
-Хуучин циркийн барилга өвөл халаалтгүй гэж сонслоо?
-Хуучин энэ циркт халаалт байхгүй. Энд бэлтгэлээ хийх хүүхдүүдийн ихэнх нь 4-5 дугаар ангийнхан байдаг. Тиймээс өвлийн улиралд бэлтгэл сургуулилт хийх ямар ч боломжгүй. Тэгээд ч зорилтын сургуулилтын байр биш. Жишээлбэл,үзүүлбэрийн үеэр хийдэг зургаан эргэлтийг энд хийх боломжгүй. Бид нар тийм том зүйл хүсээгүй нэг ордон, нэг бэлтгэл хийх заал байхад л уг нь болно. Яагаад орон нутгуудад хоосон том том ордон барьж өгч болоод байхад бүхэл бүтэн 80 жил хөгжсөн циркт нэг барилга зориулаад босгож болохгүй гэж.
-БСШУСЯ-наас ямар хариу өгсөн бэ. Одоо эндээс хөдлөөд тус яаманд очиж шаардлага өгөх гэж байна уу?
-Бага насны хүүхдүүддээ орхиод жүжигчид нь бүгдээрээ эндээс БСШУЯ руу шаардах бичгээ аваачиж өгнө. Ганц тус яам гэлтгүй 76 гишүүнд бүгд нь шаардах бичгийг ирэх даваа гаригт хүргэж өгнө.
-2010 оноос хойш циркчид цалингүй, дээрээс нь мэргэжлийн үнэмлэхгүй байгаа гэцгээж байна?
-Мэргэжлийн үнэмлэх байхгүй. Сүүлдээ тэвчээр алдагдана гэдэг шиг ард түмэндээ, харьяа яамандаа хандаж байна.
Бид циркийн урлагийг эх орондоо, монгол үзэгчдэдээ үзүүлэхээр зорьдог. Монгол циркийн өв тасрах гэж байна. Циркчид дэлхийд Монголын нэрээ гаргасаар ирсэн ч төр нь тоодоггүй. Энэ урлагийг хэрэгтэй гэж үздэг бол төр засаг минь хариу, шийдвэр гаргаад өгөөч гэж хүсэж байна.
Ийнхүү дэлхийд өндрөөр үнэлэгддэг циркийн урлагийн салбарыг Монгол Улс гаргуунд нь гаргаснаас уран бүтээлчид нь нутагтаа мэргэжлээрээ ажиллаж чадахгүй, гадаадад боломжоороо ажиллаж байсан циркчид коронавирусээс үүдэн эх орондоо ирж, жижүүр, зөөгчөөс эхлээд таарсан ажлаа хийж, зориод очих газаргүй, ёслоод гарах манежгүй болсон нь харамсалтай гэлээ.
Д.БАТТОГТОХ