Барилга хөгжлийн үндэсний төвд “Ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн үр дүн ба ашиглалт” сэдэвт сургалт семинар болж, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр оролцож, үг хэллээ. Тэрбээр “Бидний шийдэж чадахгүй байсан цэвэрлэх байгууламжийн технологийг хамгийн энгийн арга, хямд өртөгтэйгээр шийдэж ирсэн хотуудын туршлагыг судалж, мэргэжилтнүүдийнхээ санал зөвлөгөөг нээлттэй хүлээн авч хамтран ажиллах бодлогыг БХБЯ баримталж байна. Мэргэжлийн хүний хувьд би байгалийн аргаар, микробиологийн түвшинд боловсруулагдаж 10 гаруй жил Монгол Улсын газар нутаг, Дархан хот, Хараа голын сав газарт туршилт хийж амжилттай хэрэгжиж буй энэ технологийг дэмжих болно. Тиймээс ХБНГУ-ын Бергманн группын ерөнхийлөгч Ларс Бергманн болон Фраунхоферийн систем техникийн хэрэглээний төвийн дарга Ш.Бүрэн нарын танилцуулсан энэ төслийн талаар нийслэл орон нутгаас ирсэн төлөөлөлүүд сайтар танилцаж сургалтдаа идэвхтэй оролцохыг хүсч байна” гэлээ.
Барилгын салбарт тулгамдсан олон асуудлын нэг нь технологи юм. Монголчуудад хэдийнэ танил болсон “МоМо-3” төслийн танилцуулга энэ үеэр болсон юм.
“Бергманн” групп нь 2006 оноос хойш ХБНГУ-ын Боловсролын яамны санхүүжилтээр Дархан хот, Хараа голын сав газарт “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол” нэртэй “МОМО-1”, “МОМО-2” төслийг амжилттай хэрэгжүүлж, одоо “МОМО-3” төслийг хэрэгжүүлэхээр БОНХЯ, БХБЯ-тай тохиролцоод байгаа юм. Уг төсөл нь хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга суурилуулахад чиглэгдэж байгаа билээ. Цаашид Улаанбаатар хотын төвлөрсөн бус систем бүхий гэр хороолол, хотхон болон Улаанбаатар хотын дагуул хотуудын хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга бүхий, бие даасан цэвэрлэх байгууламж барих боломж, суурилуулалтын дараах цогц үйлчилгээ, хяналтын системийн хамгийн шилдэг гэж хэлж болохуйц энэ технологи манай улсад нэвтэрснээр одоогоор 20-иод бага оврын цэвэрлэх байгууламж барьсан. Одоо ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотын төвийн шугамд холбогдоогүй цэцэрлэг, сургууль болон гэр хорооллын 10-20 айлыг нэгтгэсэн бага оврын цэвэрлэх байгууламж барих санал тавиад байгаа юм байна. Нэг цэвэрлэх байгууламж нь 5-5000 хүний бохирыг цэвэрлэх хүчин чадалтай юм. Хоёр жилд нэг удаа соруулж цэвэрлэдэг нь гэр хорооллын иргэд, оршин суугчдын ая тухтай, эрүүл орчинд амьдруулахад тохиромжтой технологи юм гэдгийг сургалтад оролцогчид хэлж байлаа.