Эмээлтэд “Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн цогцолбор” барих, уг паркийг эзэнжүүлэх асуудал Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны гол сэдэв болов. Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн асуудал 2010 оноос хойш яригдсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй. Энэ зуур төрөөгүй паркийг Дархан, бас Баганнуур руу “нүүлгэж” зөндөө эргэж буцсан шийдвэр гарсаар эргээд Эмээлтэд төвхнүүлэхээр яригдаж байгаа аж. Уг нь 2017 гэхэд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гарчихсан. Одоо харин Эмээлтэд бат бэх байрлуулах тухай ярьж байна. 214 га газарт цогцолбор босгох ТЭЗҮ хийсэн гэнэ. Тогтмол ажиллаж байгаа 20 гаруй арьс ширний үйлдвэр нийслэлд байгаа аж. ТЭЗҮ-д нэмэлт өөрчлөлт оруулах, байгаль орчны үнэлгээ хийх, тусгай зөвшөөрлөө авах ажлууд хүлээгдэж байна. Энэ намартаа Эмээлтэд усны нөөц тогтоох судалгаа хийнэ. Э.Бат-Үүл дарга парк байгуулах ТЭЗҮ боловсруулах ажилд хэрэглэгчдийг оролцуулахыг зөвлөв. “Захиргааны аргаар байгуулсан үйлдвэрлэл технологийн паркууд үндсэндээ дампуурдаг. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтгүй бол өнгөрнө” гэж хотын мэр сануулсан. “Бид хаширлаад Хонхорын ложистик дээр удаан ч гэсэн хувийнхныг оролцуулаад, хэлэлцээд явж байгаа” гэж тэр ярилаа. Хотын дарга бас усны хайгуулын судлагаагаар бүтэлгүй дүн гарах вий хэмээн эмээв. “Бид тавдугаар цахилгаан станц дээр ингэж алдсан. Пижигнээд очтол хайгуулын судалгаагаар өөр дүн гарсан” гэж сэрэмжлүүлэв. Усны хайгуул хараахан хийгээгүй ч тагнуулын байгууллагын болон бусад мэдээгээр ойролцоох усны судлаас ус олборлох боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасныг орлогч нь дуулгана лээ. Гарал үүслийн бичиг, элдэв зөвшөөрөл, хяналтаас авахуулаад төрийн бүх үйлчилгээг Эмээлтэд нэг цонхноос авах боломж олгох нь бизнес эрхлэгчдийг болон хэрэглэгчдийг татах боломж гэж хотын дарга зөвлөв.
Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, экологи хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ уг хуралдаанд хоёр паркийн асуудал танилцуусан. Нөгөө нэг парк нь Налайхад байгуулах Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк юм. Гэсэн ч хуралдаанд оролцогчид эхний паркад илүү анхаарал хандуулсан. Хөнгөн үйлдвэр технологийн парк гэдэгт ноос ноолуур, арьс шир ер нь л хөдөө аж ахуйн гаралтай бүх бүтээгдэхүүн хамрагдана. Муу нэртэй луу данстай арьс боловсруулах үйлдвэрүүдийн хаягдлаас болоод Туул гол мөн ч их бохирдсон доо. Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнийн яриагаар бол асуудлыг их л хялбархан шийдчих юм байх. “Цэвэрлэх байгууламжийн асуудлаар Европийн сэргээн босголтын банктай эхний ойлголцолд хүрсэн. Орчин үеийн дэвшилтэт цэвэрлэх байгууламжийг барих 30 сая еврог боломжийн хүүтэй, 12 жилийн хугацаатай зээлж болно. Японы цэвэрлэх байгууламжийн технологитой ч бид танилцсан. Цэвэрлэх байгууламжаас ялгарах лагийг засмал зам тавих суурь түүхий эд болгох технологи гараад жил гаруй болж байна. Зам хагарахгүй, бат бөх болдог юм байна. Япончууд бид санхүүжилтээ гаргаад хийсэн ч болно гэсэн. Наймдугаар сарын аравдаар энэ хүмүүс ирж яриа хэлэлцээр хийнэ” гэж тэр танилцууллаа. Харин бизнесийн үр ашигтай гэгдээд буй уг паркийг Дарханыхан бас Багануурынхан нутаг орондоо байгуулахыг хүсээгүй юм билээ. Арьс ширний үйлдвэрийнхэн ч бид нүүж болно. Гэхдээ Дархан руу биш, Багануур руу биш гэснийг Т.Бат-Эрдэнэ уламжлав. Арьс шир боловсруулагчид Эмээлтийг хамгийн боломжийн хувилбар гэж үзэж байгаа гэнэ. Хот төлөвлөлтийн дагуу Эмээлт 80 мянган хүнтэй хот болох учиртайг Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Н.Батаа сануулав. Парк ирээдүйн үйлдвэрлэлийн хотын зөвхөн жижиг хэсэг. Харин хот байгуулах асуудлыг хэн хариуцахыг тэр лавлав. Одоохондоо хотыг хэн босгох талаар сонсогдсонгүй. Харин Хөнгөн үйлдвэр, технологийн парк байгуулах төслийн нэгж байгуулах талаар их ярилаа. Нэгэнт УИХ-ын тогтоол гарсан, хотын ерөнхий төлөвлөгөөнд суусан асуудал учраас эргэлзэх хэрэггүй гэж хотын мэр хэлж байна лээ.
“Хурдал, хичнээн жил ярив” гэж Э.Бат-Үүл дарга шавдуулж байна лээ.
Б.ЯНЖМАА