Улаанбаатар хотын УСУГ-ын харьяа Цэвэрлэх байгууламжийн ажлын онцлог, ажиллагсдын ачаалал, ажлын хүнд бэрх нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийнхэн хөндөн тавьж, олонд таниулах болжээ. Хотын хөгжил нэг иргэний хандлага, хариуцлагаас шалтгаалдаг гэдгийг тэдгээр мэдээ, сурвалжилгадаа дурдан сануулж байгаа нь ч сайшаалтай.
Улаанбаатар хот тэртээх 1964 онд Цэвэрлэх байгууламжтай болжээ. Ашиглалтад орсноос хойш 1969-1986 онуудад өргөтгөл хийгдэж хоногт ахуйн хэрэглээнээс гарсан 170 мянган куб метр бохир усыг хүлээн авч, механик, биологийн цэвэрлэгээг хийх хүчин чадалтай болсон. Гэтэл өнөөгийн байдлаар 180-220 мянган куб метр ахуйн болон үйлдвэрийн хаягдал бохир усыг хоногт хүлээн авч, механик биологийн цэвэрлэгээг хийж, халдваргүйжүүлж байна. Энэ нь хүчин чадлаасаа даруй 10-50 мянган куб метрээр давсан үзүүлэлт төдийгүй үйлдвэр, аж ахуй нэгж, орон сууцны болон зөөврөөр бохир ус тээвэрлэн нийлүүлж буй усны бохирдол стандарт хэмжээнээс хэтэрсэн байдаг ажээ. Ариутгах татуургын шугамд хаягдал ус нийлүүлэх ерөнхий шаардлага буюу MNS6561:2015 стандарт гэж бий. Тэрхүү стандартыг огт хангахгүй бохир усыг төвийн шугамд нийлүүлэх болсныг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.
Цэвэрлэх байгууламжид ирж буй бохир усны бохирдлын хэмжээ нь хүчин чадлаас 2-5 дахин их байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь цэвэрлэх байгууламжид бохирдлын ачаалал үүсгэж механик, биологийн цэвэрлэгээний технологийн дамжлага бүр дээр хүндрэл үүсгэдэг байна.
Цэвэрлэх байгууламжид усанд уусахгүй механик хог хаягдал буюу үйлдвэр аж ахуйн газрын хаягдал үс, ноос, хялгас, нефтийн гаралтай бүтээгдэхүүн, мал нядалгааны газрын хаягдал малын сэвс, цус, дайвар, айл өрхүүдээс ариун цэврийн цаас, амны хаалт, хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, гялгар уут, бэлгэвч гэх мэт 1,500-2,000 кг хог хаягдал өдөр тутам урсан очдог ажээ.