“УНММ МоМо төслийг дүгнэх дараагийн шатанд хүлээлгэн өгөх” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Red Rock” амралт, аялал жуулчлалын газарт болсон юм.
Уг хурлыг “МоМо” төслийн баг, ШУА-ийн харьяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэн хамтран зохиов. ХБНГУ-ын Боловсрол судалгааны яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол-Германы хамтарсан “Төв Азийн Усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол /УННМ-МоМо/” эрдэм шинжилгээ, судалгааны төсөл нь 2006 оноос хэрэгжиж байгаа юм. Хурлаар энэхүү төслийн 12 жилийн эрдэм шинжилгээ,судалгааны ажлын үр дүнг танилцуулснаас гадна олж авсан мэдлэг, туршлагаа цаашид хэрхэн ашиглах талаар усны салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хэлэлцсэн юм.
ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авидын хэлэхдээ, “Монгол орны хэмжээнд жилд 520 сая орчим м3 ус хэрэглэж байгаа ба энэ хэрэглээний 20 орчим хувь нь гадаргын, үлдсэн 80 орчим хувийг газрын доорх усны нөөцөөс хангаж байна. Монгол Улсын усны нөөцийн 90 хувь нь гадаргын ус, багахан хэсэгт газрын доорх ус байдгийг бид мэднэ. Нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан цаг уурын өөрчлөлтөөс улбаатай дулаарал, хуурайшил, хүний үйл ажиллагааны, тухайлбал хотжилт, үйлдвэрлэл, уул уурхайн эрчимтэй хөгжлийн улмаас манай орны цэвэр усны нөөц эрс багасч байгааг ус судлаач эрдэмтэд судлан тогтоосон. Дэлхийн цэвэр усны нөөцийн зэрэглэлээр манай улс цэнгэг усны багавтар нөөцтэй ангилалд багтаж, 104 дүгээрт жагсаж байгаа нь цаашид цэвэр усны хэрэглээ, чанарт анхаарах цаг болсныг илэрхийлж буй юм.
Мянганы хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодогын хүрээнд усны нөөцийн нэгдсэн менежментийн үзэл баримтлалыг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан амьдралд хэрэгжүүлэх нь өнөөдөр амин чухал асуудал болж байна. Энэхүү асуудлыг ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны Яамны санхүүжилтээр Төв Азийн эрс тэс уур амьсгалтай хуурай, гандуу бүс нутгийн төлөөлөл болгож манай улсад амжилттай хэрэгжүүлсэн нь Монголчууд бидний хувьд аз завшаантай хэрэг, оюуны өндөр хөрөнгө оруулалт болж буйг тэмдэглэхэд таатай байна.
Монгол-Герман эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг “МоМо” төслийн гурван үе шатны 12 жилийн хугацаанд нэг голын сав газрын хэмжээнд усны иж бүрэн судалгааны ажлыг анх удаа гүйцэтгэсний дүнд шинжлэх ухаан болон практик хэрэглээнд үнэ цэнэтэй суурь мэдээллийн сан хөмрөг бий болгоод байна. Энэхүү хамтын ажиллагааны хамгийн сүүлийн үеийн бодит үр дүн бол “Хараа-Ерөө голын сав газрын атлас”-ыг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнтэй хамтран туурвисан явдал юм. Цаашид энэ бүх оюуны үнэт баялгийг бодит хөрсөнд хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, байгалийн нөөцийн менежментийн чиглэлд цаашид хэрэгжүүлж болох чиглэлүүдийг тодорхойлох, шинжлэх ухаан, технологи-инновацийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, нэн ялангуяа боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд бидний хамтын ажиллагаа урт хугацаанд үргэлжилнэ гэж итгэж байна” гэв.
Уг хуралд ХБНГУ-ын Холбооны Боловсрол, Судалгааны яамны албан тушаалтнууд болон ШУА-ийн харьяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцов.