2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр – АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хөнгөвчлөх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх Монголын Эрчим хүчний судалгаа, инновацийн сангийн үйл ажиллагааг (MERI) эхлүүлж байна.
Энэхүү санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр нь АНУ-ын ОУХА-аас Монгол улсад эрчим хүчний засаглалыг сайжруулах таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжүүлж буй төслийн нэг хэсэг бөгөөд Монгол улсын эрчим хүчний салбарыг илүү уян хатан, илүү тогтвортой болгон хөгжүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэж байна. Төслийн хүрээнд илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлж, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахаар, дотоодын эрчим хүчний хангамжийг илүү тогтвортой бөгөөд найдвартай болгохоор, түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор ОУХА Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох түншүүдтэй хамтран ажиллаж байна.
“Эрчим хүчний салбарын хүчирхэг экосистемийг бий болгох, Монгол байгууллагуудыг институцийн хувьд болон хүний нөөцийн чиглэлээр чадавхжуулах, эрчим хүчний салбарын шилжилт шинэчлэлийг дэмжих арга хэрэгслийг боловсруулахад туслах санхүүжилтийг АНУ-ын Засгийн газраас олгож байгаадаа баяртай байна” гэж АНУ-ын ОУХА-ийн Хөгжлийн дэд зөвлөх Стив Винкейтс нээлтийн арга хэмжээний үеэр хэлэв.
АНУ-ын ОУХА тусламжийн хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарын шилжилтийг дэмжих байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд нөхцөл хангасан бодлогын хүрээлэнгүүд буюу тинк танкууд, зөвлөх компаниуд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, судалгааны болон бусад холбогдох байгууллагуудад буцалтгүй тусламж олгох юм.
АНУ-ын ОУХА нь Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй. 1990-ээд оны эхээр ОУХА-ийн анхны төслөөр Улаанбаатар хотын том цахилгаан станцуудын нэгийг өвлийн улиралд тэг зогсолт хийхээс сэргийлж, нэн шаардлагатай байсан засвар үйлчилгээг хийх яаралтай тусламжийг үзүүлж байжээ. Мөн ОУХА нь зах зээлийн цаашдын хөгжлийг хангах суурь болсон эрчим хүчний хууль боловсруулах, Эрчим хүчний зохицуулах газрыг (одоогийн Эрчим хүчний зохицуулах хороо) байгуулахад туслалцаа үзүүлсэн юм.
MERI сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл АНУ-ын ОУХА-ийн хэрэгжүүлэгч түнш Abt Associates-тай Info_Mongolia@abtassoc.com цахим хаягаар холбогдоно уу.