Categories
мэдээ нийгэм

Цэвэр агаарын хуультай болъё

Манай улс Цэвэр агаарын хуультай болох хэрэгтэй байна. Монгол Улсын гурван сая хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн. Азийн цагаан дагина “Утаанбаатар” гэдэг нэр нь хоч болоод удлаа. Агаар дахь хүнд металл, тоосонцорын хэмжээ Монгол Улсын стандартаас 14 дахин, ДЭМБ-ын стандартаас 35 дахин давсан үзүүлэлттэй байгаа юм. Үүнд дан ганц гэр хороолол дахь хатуу түлш нөлөөлөөгүй. Өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцож буй 300 гаруй мянган тээврийн хэрэгслийн яндангаас гардаг утаа асар их хорт бодисыг агаарт цацаж байдаг юм. Иймд төр засгаас сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн улаанбаатарчуудад мэдэгдэхгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа харуулж буй. Амьсгалын замын халдвар болон зүрх, судас, тархи, мэдрэлийн гаралтай өвчнүүдийн хамрах хүрээ нэмэгдэж, хотын иргэд дархлаа султай болсон нь агаарын бохирдолтой шууд холбоотой болохыг эмч нар хэлж байгаа. Ялангуяа хүүхэд, хөгшчүүд хорт утаанд өртөмтгий байгаа нь сэтгэл зовоосон асуудал болжээ.

Улаанбаатарчууд хорт утаанаасаа салах хамгийн зөв шийдэл нь хуулийн механизм юм. Дэлхийн өндөр хөгжилтэй олон орон манайх шиг агаарын бохирдолд дарлуулж, гай зовлонд нэрвэгдэж байсан түүх бий. Бидний хамгийн их жишээ авах дуртай Солонгос гэхэд хийн хэрэглээг бодлогоор дэмжиж, иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангасан гээд олон ухаалаг системийг нэвтрүүлсэн байдаг. Европын орнуудаас Их Британийн агаарын бохирдлоосоо ангижирсан жишээ дэлхийн бусад орнуудад үлгэр болсон. Тус улс 1930 оноос эхлэн агаарын бохирдолд дарлуулжээ. Ард иргэд нь төр засагтаа хэдэнтээ хандаж, захидал илгээсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй л байв. Ингээд одоогоос 60 жилийн өмнө Их Британийн төдийгүй дэлхийн түүхэнд байгаагүй аймшигт гамшиг тохиосон юм. Өнөөг хүртэл “Үхлийн утаат хөшиг” хэмээн тэр хар өдрүүдийг нэрлэдэг. Тодруулбал, нэг өвлийн дотор 12 мянган хүний амийг авч одсон хорт утаа сүүлдээ дөрөвхөн өдрийн дотор 4000 хүний амийг залгисан гэж байгаа. Энэ аймшигт золгүй явдал Лондонгийн эрх баригчдыг агаарын бохирдолтой тэмцэхэд том дохио өгөв. Ингээд Цэвэр агаарын хууль баталж, ганцхан өвлийн дотор хорт утаагаа бууруулж чаджээ. Дөрвөн жилийн дараа гэхэд тус улс агаарын бохирдлоос бүрэн ангижирч чадсан. Тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил нь хатуу түлшний хэрэглээг бууруулж, цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжсэн явдал байв. Томоохон үйлдвэрүүдийг суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлж, цахилгаан бага зарцуулдаг халаагуураар айл өрхүүдийг хангасан юм.

Манай улсын хувьд нийслэлийн гэр хорооллын нийт айл өрхийг хамарсан арга хэмжээ авч чадахгүй байгаа. Эрх баригчид иргэдээ торгох, татвар авах хуулиудыг хамгийн түрүүнд баталдаг хэрнээ хүн ардынхаа эрүүл мэндэд аюул заналхийлэл хийсэн хорт утаанаас салах хуулийг яагаад гаргаж болохгүй гэж. Хуулийн хөшүүргээр Их Британи богино хугацаанд амжилтад хүрч чадсан туршлагыг нэвтрүүлж болно шүү дээ.

Манай урд хөрш БНХАУ гэхэд агаарын бохирдолтойгоо сүүлийн жилүүдэд хамгийн идэвхтэй тэмцэж байгаа. Утаанаас болж сургууль цэцэрлэгүүд үүдээ барьж, албан байгууллагуудын ажил цалгардаж байгаа болохоор төр засгаас нэн түрүүнд түүхий нүүрсний хэрэглээгээ хязгаарлах шийдвэр гаргасан. Мөн алсын Канадаас цэвэр агаар худалдан авч байгаа тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэв Монгол Улсын ойрын хугацаанд агаарын бохирдолтойгоо бодитой тэмцэж, Цэвэр агаарын тухай хуультай болохгүй бол эмгэнэлтэй байдалд орох дүр зураг ойрхон байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *