УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд
хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг
зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны
15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн 72.3 хувийн саналаар
Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд
хүргүүлэхээр боллоо.
Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганаар
хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан байсан
бөгөөд өнөөдөр албан ёсоор дууссан юм.
УИХ өнгөрсөн долдугаар сард Үл хөдлөх эд
хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
баталсан. Түүнд үл маргах журмаар үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд
оруулах боломжтой байх зохицуулалт тусгасан. Энэ нь иргэд газраа барьцаалж зээл
авах боломжоор хангахад чиглэж байв. Гэвч нэр бүхий иргэд энэ асуудлаар Цэцэд
гомдол гаргаснаар эл хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дүгнэлтээ
гаргасан байсан юм.