Categories
мэдээ улс-төр

Цэцийн дарга Ж.Амарсанаа: УИХ Үндсэн хууль зөрчиж байна

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. Өнөөдөр мэдээлэл хийхийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хуралдаж Шүүх байгуулах тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргав.

Мэдээллийн үеэр ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа хэлэхдээ: “УИХ-ын Тамгын газраас Дээд шүүхэд бичиг явуулсан байсан. Уг бичигт “Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн УИХ-ын даргад явуулсан бичиг нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь нотлогдож байна” хэмээсэн байна. Албан бичиг хууль зөрчинө гэдгийг, албан бичгийн ард байгаа Ж.Амарсанаа хууль зөрчинө гэдгийг одоо л ойлгож эхлэх гээд байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тухай Цэцийн гишүүн Д.Наранчимэгийн тогтоол УИХ-д очсон. Тогтоолтой холбогдуулж УИХ-ын даргад бичиг явуулсан юм. УИХ-ын Тамгын газар хууль зөрчсөнийг нотолдоггүй.

Энд хэлэхэд, хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог. Гэтэл хэн нэг нь нотлоод Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хариултад “Та бүгд ийм асуудал тавьсан байна. Энэ асуудлаа хуулийн дагуу шийдээрэй” л гэсэн хариу байна билээ. Гэтэл үүнийг Хууль зүйн байнгын хороон дээр санал өгсөн болгоод, өчигдөр орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаран сандран ҮХ-ийн цэцийн даргын асуудлыг нэгдүгээрт хэлэлцэхээр төлөвлөсөн. Ийм л асуудал болсон.

Хэрвээ ҮХ-ийн цэцийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдах учиртай. Дараа нь асуудлаа дээд шүүхэд тавина. Улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхиор УИХ-д бичиг ирүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд УИХ Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх дараагийн шатны асуудал яригддаг. Гэтэл Улсын дээд шүүхийн явуулсан хариуг санал мэтээр асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг. Энд нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед УИХ-аас ҮХ-ийн цэцтэй холбоотой алхмууд нь дандаа Үндсэн хууль зөрчсөн байгааг хэлэх хэрэгтэй гэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *