Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Цэцгэн залуус

Хятадтай холбоотой хоёр онцгой мэдээ өнгөрсөн ес, аравдугаар сард дэлхий нийтийн анхаарлын төвд орсон билээ.

Эхнийхийг нь “Ассошиэйтед Пресс” агентлаг есдүгээр сарын 3нд цацсан. Тус мэдээнд БНХАУын эрх баригчид эмэгтэйлэг дүр төрхтэй эрчүүдийг телевизийн эфирээр харуулахыг хориглосон гэжээ. Си Жиньпиний санаачилсан нийгмийн ёс суртахууныг бэхжүүлэх үзэл баримтлалын хэрэгжилтийн хүрээнд гаргасан гэх эл шийдвэрийг Хятадын телевизүүдийн удирдлагад бичгээр илгээсэн агаад шууд хэрэгжиж эхэлсэн аж.

Удаахь нь Хятадын “The Global Times” сонинд Бээжин, Тайбэй хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсвэл нөхцөл байдал хэрхэн өрнөж болох талаар бичсэн аравдугаар сарын 20ны нийтлэл дотор бий. Тус нийтлэлд Тайванийн арми 180 мянган цэргийн байнгын бие бүрэлдэхүүнтэй ч ихэнх нь “гүзээлзгэнэ цэргүүд” буюу цэргийн албаны хүнд хүчрийг дааж тэсвэрлэх чадваргүй эмзэг, турьхан эмэгтэйлэг залуучууд байдаг гэж бичжээ. Тайванийг эмэгтэйлэг “гүзээлзгэнэ цэргүүд”тэй гэж басамжлан доромжилсон Хятад өөрсдөө тийм залуучуудтай болохоос сэрэмжлэн телевиздээ ийнхүү цензур тавьсан гэлтэй.

Ер нь сүүлийн үед Өмнөд Солонгос, Япон, Тайвань зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад эмэгтэйлэг төрхтэй эрчүүд олшрон нийгэмд томоохон асуудал үүсгэж буйг олон нийтийг хамруулан өргөн дэлгэр хэлэлцэх болжээ. Өмнөд Солонгосоос эхтэй гэх энэ үзэгдэл тус улсын Кпоп хөгжмийн хүүхэн шиг төрхтэй хөвгүүдийн хамтлагууд дэлхийн, нэн ялангуяа Зүүн өмнөд Азийн орнуудын өсвөр үеийнхний дунд алдаршиж эхэлснээр савнаасаа хальж тахал мэт газар авах болсон гэж үзэгсэд цөөнгүй.

Иймээс ч юуны учир заавал ч үгүй Өмнөд Солонгосын залуус хамгийн ихээр эмэгтэйлэг болж буйг судлан тайлбарлах явдал ихэсч, бүр Солонгосын түүх рүү хүртэл өнгийжээ. VII зуунд оргил үедээ хүрч байсан солонгосчуудын анхны төрт улсын нэг Силлагийн язгууртнуудын хөвгүүдийн тэргүүлэгч хэсгийг хваран буюу “цэцгэн залуучууд” гэдэг байсан тухай эртний түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. Ирээдүйн элит удирдагчид болох учиртай 14-15 насны хөвгүүдийг сонгон тулааны урлаг, улс удирдан захирах урлаг, соёл уламжлал, шашин шүтлэг зэргээс гадна хэрхэн биеэ арчилж сайхан харагдахыг зааж сургадаг байсан нь уламжлагдсаар өдгөө ч Солонгосын нийгэмд ямар нэг байдлаар нөлөөлдөг гэнэ.

“Euromonitor” байгууллагын судалгаагаар, дэлхийд хамгийн их биеэ арчилж торддог нь Өмнөд Солонгосын эрчүүд ажээ. Энэ нь мэдээж бас цаанаа учир шалтгаантай. Тус улсад ажил олгогчид их, дээд сургууль төгссөн үй олон залуучуудаас мэдлэг чадвартайгаас гадна хүний нүдэнд дулаахан харагддагийг нь илүүтэй сонгодог байна.

Иймд эрэгтэй хүний гоо сайхан, өөгүй бие галбир давуу тал болдог нь тодорхой. Өмнөд Солонгост хийсэн нэгэн судалгаанд, 2537 насны залуучуудын 86 хувь нь гадаад үзэмжээ сайжруулбал цалин сайтай ажилд орж, албан тушаалаа ахиулж чадна гэж үздэг аж. Тус улсад өндөр гуалиг биетэй, цайвар арьстай, өтгөн хөмсөгтэй, нарийхан эрүүтэй эрчүүдийг дур булаам гэж үзэх болж тусгайлан “хонминам” хэмээн нэрийдэх болжээ. Кпопын дэлхийд алдартай “BTS” хамтлаг нь шүтэн бишрэгч залуустаа арьс арчилгааны нууцаасаа хуваалцаад зогсохгүй өөрийн нэртэй гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл худалдаанд гаргасан байна. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид цэргийн алба хааж буй залуучуудад зориулж цогц бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь эрэлт хэрэгцээ ихтэй байгаа аж.

Энэхүү “тахал” Монголыг маань тойроогүйг, цагтаа дэлхийн талыг эзэлж явсан хүчит хар хөвгүүд туяхан согоо шиг болж буйг сохор биш л бол хүн бүр харж халаглах болсон биз ээ. Манай улсын ихэнх урологич (эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шээсний замын өвчнийг оношилж, эмчилдэг) ба эрэгтэйчүүдийн эмч (эрэгтэй хүний нөхөн үржихүйн замтай холбоотой аливаа зүйлийг оношилж, эмчилдэг) нарын ажигласнаар, сүүлийн хоёр гурван жилээс зүс царайдаа хэт их анхааран биеэ авч яваа байдлаараа эмэгтэйлэг гэмээр эрэгтэйчүүд ихэвчлэн 18-25 насныхан ажээ.

Энэ нь ямар нэгэн байдлаар телевиз болон сошиал ертөнцөөр өргөн дэлгэрсээр удаж буй Өмнөд Солонгосын соёлын нөлөөтэй холбоотой нь мэдээж. Гэвч зөвхөн үүнээс л болж байна гэвэл бас өрөөсгөл юм. Чингисийн удам гэж цээжээ дэлдэн омгорхдог бидний монгол эрс төдийгүй даяар дэлхийн эрэгтэйчүүдэд нийтэд нь эрэгтэйлэг чанараа алдах өөр нэгэн аюул нүүрлээд байж тун ч болзошгүй. Юу гэвэл, антибиотикийг үхэр, загас, тахианы өвчнийг арилгахаас гадна амьдын жинг нь хурдацтай нэмэгдүүлэх “өсөлтийн даавар” болгон дэлхий даяар хэрэглэдэг болсоор удаж байгаа аж. Үүний үр дүнд бидний иддэг мал, шувуу, загасны гээд аливаа махнаас сүүлийн үед хүнцэл зэрэг химийн элемент илрэх болжээ.

Ердөө хоёр жилийн өмнө дөө, 2019 оны долдугаар сард дэлхийгээр нэг түгсэн алдарт түргэн хоолны сүлжээ болох КFC, McDonald’s зэргийн тахианы маханд хийсэн шинжилгээгээр их хэмжээний антибиотик, хүнцэл илэрч бөөн дуулиан тарьсан билээ. АНУ-д жил бүр тийм тахианы мах идсэн 23 мянган иргэн амиа алддаг гэж эрүүл мэндийн судлаачид тооцоолсон нь дайран дээр давс нэмсэн байдаг. Тухайн үед АНУ төдийгүй өрнөдийн олон орноор эдгээр түргэн хоолны газруудын эсрэг хөдөлгөөн өрнөсөн юм. АНУын иргэд л гэхэд 350 мянган хүний гарын үсэг цуглуулан “KFC”гийн толгой компани болох “Yum! Brands”т хүргүүлэн тэмцэж байв. Энэхүү эсэргүүцлийн дараа дэлхийд тэргүүлэгч дээрх түргэн хоолны газрууд тийм төрлийн тахианы мах хэрэглэхээ больсон гэдэг.

Зарим орны эрдэмтдийн хийсэн судалгаагаар, аливаа махан бүтээгдэхүүнд илэрсэн хүнцэлд эм даавар бүхий эстроген давамгайлдаг нь тогтоогджээ. Тэр ч бүү хэл иймэрхүү маягаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эрэгтэйчүүд аажмаар цэвэр эр хүний шинж чанараа алдаж болзошгүйг эрдэмтэд анхааруулах болов. Ер нь эр хүнийг зан чанар, бие галбир, сэтгэхүй гээд бүх юмаар нь тэтгэдэг дааврыг тестостерон гэдэг. Гэтэл АНУын Урологийн холбооны эрдэмтдийн хийсэн судалгаагаар, сүүлийн жилүүдэд 100 эрэгтэй тутмын хоёрынх нь тестостерон их хэмжээгээр буурсан бол үлдсэн 98ынх нь зохих хэмжээгээр багассан болохыг тогтоожээ.

Эрчүүд жил ирэх тусам улам эмэгтэйлэг, нялцгай болж буйн шалтгааныг биед нь байх ёстой энэхүү тестостерон хэмээх бодис багассантай шууд холбон ойлгож болно хэмээн судалгааг явуулсан эрдэмтэд баталж байна. Хэдийгээр эрдэмтэд ямар учраас эрчүүдийн бие дэх уг чухал бодис багасах болсон шалтгааныг тогтоогоогүй ч ирээдүйд эрэгтэй хүн эмэгтэйчүүдтэй улам л адилхан зан араншинтай болж эхлэхэд гайхах зүйлгүй бололтой.

Сүүлийн үеийн хөвгүүд улам л өндөр, нарийхан болоод байгаа шалтгааныг АНУын Урологийн холбооны эрдэмтэд тестостероны багасалттай холбон тайлбарлаж байна. Учир нь энэ бодис хэдий чинээ их агуулагдана, эрчүүд төдий чинээ булчинлаг, хүдэр чийрэг харагддаг аж. Иймээс ч сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад тестостероны дутагдлыг нөхдөг үнэ ихтэй эмчилгээ дэлгэрч байгаа гэнэ.

Эцэст нь шар айраг уух дуртай эрчүүддээ АНУын эрдэмтэн судлаач Стивен Буннерийн хийсэн судалгааны дүнг сонордуулъя. Ихэнх төрлийн шар айргийн амт, үнэрийг сайжруулах зорилгоор найрлагад нь зөрөг цэцэгний охь нэмдэг байна. Тэгвэл зөрөг цэцгийн ханд нь эм даавар буюу эстрогений ялгаралтыг эрчимжүүлдэг нь нотлогджээ.

Шар айраг тогтмол ууж “пивоны” гүзээ суусан эрчүүдэд эстроген ихээр ялгаран эмэгтэйлэг шинж чанар илэрч, тэр ч бүү хэл том хөхтэй болдог болсон тухай Стивен Буннер судалгаандаа дурдсан байдаг.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *