Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд шинээр элсэх хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэлийг гурав дахь жилдээ цахимаар бүртгэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор “Цэцэрлэгийн бүртгэлд 2017 онд төрсөн бүх хүүхдүүд хамрагдана. Энэ жил нэг бүлэгт байх хүүхдийн тоо 40, бага бүлэгт байх хүүхдийн тоо 30-аас хэтрэхгүй байх бодлогыг барина. Харин 186, 10-р тусгай цэцэрлэг мөн сувиллын болон халамжийн дөрвөн цэцэрлэг уламжлалт аргаараа бүртгэнэ” гэж Боловсрол Соёл Шинжлэх ухаан Спортын яамны Сургуулийн өмнөх Боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Дуламжав ярьлаа.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой аж. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулах гэнэ. Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүд наймдугаар сарын 12-ноос тухайн цэцэрлэг дээрээ очиж, гараар бүртгүүлнэ.
Цэцэрлэгт хамрагдаагүй 3-5 настнууд орон тоо гарсан тохиолдолд цэцэрлэгт бүртгүүлэх ажээ. “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм.