Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн насандаа Оскар авч сургуульд орохдоо саятан болчихоод шуугиулж явсан бүсгүйн түүх

Дэлхийн эдийн засгийн хувьд өвчин хижиг, дайн тулаан, биржийн уналт зэргээс шалтгаалан маш олон улсыг хоморголон олон жилээр сүйрэлд оруулж байсан хэд хэдэн хямрал бий. Хол ярихгүй ойрын жишээ татахад л 2008 оны хямралыг дурдаж болно. Америкийн хөрөнгө оруулалтын хамгийн том банк Lehman Brothers тэр жил дампуурлаа зарласан нь гинжин урвалд орж дэлхийн хөгжингүй улсуудын том пүүсүүдийн үнэт цаасны үнэлгээ навс унаж байсныг санаж байгаа биз дээ. 2016 он хүртэл үргэлжилж G20-ын засаг захиргаанаас үзүүлсэн асар их тусламжийн үр дүнд их бага хэмжээгээр тогтворжуулж байлаа. Америк орныг шувталсан 1929-1933 оны хооронд дахь Great De­pression буюу Их Хямрал гэж айхавтар эдийн засгийн уналт бий. Хөрөнгийн биржийн уналт, хэрэгцээгээ мэдрээгүй илүүдэлтэй үйлдвэрлэл, улстөрчдийн увиагүй үйлдэл зэрэг хүчин зүйлс давхцан АНУ-ыг хямралд оруулж улмаар Канад, Англи, Франц, Германыг хамарснаар дэлхийн хэмжээний болж өөрчлөгдөж байжээ. Тэгвэл энэ удаа энд тийм их хямралын үед агуу 20th Century Fox-ыг дампуурлын ирмэгээс татан гаргаж байсан жижигхэн охины тухай өгүүлэх гэсэн юм. Коронавирусээс шалтгаалан дэлхий хямарч буй энэ цаг үед сайн цаг ирнэ, тэгэхийн тулд цагаа олсон зөв үйлдэл олон хүний хувь заяаг орвонгоор нь эргүүлж болдог юм байна лээ гэдгийг сануулах гэлээ.

Америкийн кино урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 25 эмэгтэй жүжигчнийг шинэ зуун эхлэхээс өмнө тодруулсан юм билээ. Тэд тайз дэлгэцнээ 1960-аад оноос өмнө гялалзаж явсан жүжигчид байсан агаад Элизабет Тейлор, Лорен Бэколл, Софи Лорен гэх мэт үзэсгэлэнт бүсгүйчүүд дунд Ширли Темплийн нэр ч багтсан байхыг харах вий. Гуравхан настайдаа анхны кинондоо тоглож, зургаан настайдаа Оскарын шагнал хүртээд арав хүрэхэд аль хэдийнэ өчнөөн сая ам долларын цалин авч, 21-тэйдээ “тэтгэвэрт” гарч байсан шуугиант замналтай Ширли Темплийг та бүхэнд танилцуулъя.

1928 оны дөрөвдүгээр сарын 23-нд Калифорни мужийн Санта-Моника хэмээх жижигхэн хотод банкны ажилтан Жорж Темпл түүний эхнэр Гертрудын гэр бүлд нэгэн охин мэндэлсэн нь Ширли байлаа. “Миний хүүхэд ирээдүйд дуучин болно, дарга болно, тамирчин болно” гэж ээж аав нь мөрөөддөг ч гэлээ амьдралын орвоо бусгаа замд тэр мөрөөдөл нь биелэлээ ололгүй шал өөр тийшээ хазайх нь хууль байдаг даа. Харин Ширлигийн хувьд тэр хууль үйлчлээгүй. Эцэг, эх нь охиноо төрсөн өдрөөс нь эхлээд л жүжигчин болгоно гэж ярьсан агаад тэр замаасаа хазайлгүй чигээрээ зүтгэсэн, зүтгэхэд ч нэг их хугацаа шаардагдсангүй, ердөө гуравхан жилийн дараа буржгар үст Ширли анхны кинондоо тоглоод зогсож байв. Жижигхэн охин тухайн үедээ овоо алдартай байсан Мэлжин авхайн бүжгийн дугуйланд тогшуур бүжгээр хичээллэж байхад Холливудын продюсер Жэк Хейс анх анзаарсан гэдэг. Тэр Baby Burlesk хэмээх хөгжимт бүжгийн олон ангит кинонд тоглуулах хүүхдүүд цуглуулж байсны нэгд Ширли багтаж олон арван багачуудаас аргагүй л авьяасаараа онцгойрон гол дүрд тоглож байлаа. Хожим өөрийн дурдатгалдаа Ширли “Хүүхдүүд зураг авалтын үеэр дүрсгүйтээд байвал дуу авианы харанхуй өрөөнд цоожлоод мөсөн дээр суулгаж шийтгэдэг байсан. Тийм жаахан амьтдын сэтгэл зүйд ямар их сэвтээх зүйл үлдээдэг байсныг төсөөлөх ч бэрх байгаа биз. Ийм л замыг туулж цаг, мөнгөний үнэ цэнийг ойлгож байлаа шүү дээ” хэмээн тэр харгис хатуу үеийг дурссан байдаг. Уг кино дэлгэцэнд амжилт олсны дараа кино үйлдвэрлэлийн мангас FOX Ширлийг өөрийн болгосон юм.

Өнгөрсөн зууны гучаад оны үед Америк орон Их хямралдаа нэрвэгдээд юун кино үзэх, идэх талхныхаа төлөө алалцаж байсан үе. Том, том кино компаниуд үүд хаалгаа барьж кино театрууд үзэгчгүй болчихсон байхад “Fox Film Corporation” ч ялгаа үгүй дампуурлын ирмэгт тулчихсан баларч явахдаа Ширли Темплитэй танилцсан юм билээ. “Бос тэгээд дуул” кино нь гэмт хэрэг, ажилгүйдэл, гутрал цөхрөлд автчихсан америкчуудыг кино театр луу хөтөлж бага ч атугай амьдралын гэрэл гэгээлэг хэсгийг харах боломжийг олгосон. Америк тэр чигтээ уг кинонд дурлаж FOX-ыхон бяцхан охин тэднийг дампуурлаас аврах гэрэлт луужин нь мөн юм аа гэдгийг ойлгосноор Ширли Темплийн од гийх хугацаа ирлээ. Хоёр хацар дээрээ хөөрхөн хонхорхойтой, алтан шаргал буржгар үс, цээл хоолойтой, том хүнд ахадмаар хэцүүхэн бүжгийг зовлонгүй цогиулчихдаг охин тэр үедээ бүхэл бүтэн улсыг байлдан дагуулж байсан гэхэд гайхах зүйлгүй. Орчин үе шиг хэлгүй хүнийг хэлтэй болгон, матрыг хун мэт өөрчилж болох технологи байсангүй, байгалиас заяасан авьяасаараа өөрийгөө мэдрүүлж явсан тэр үеийн охины хөдөлмөр шууд үнэлэгдсэний бодит жишээ нь дэлхийд дахин давтагдахгүй амжилт хэмээгдэх зургаан насандаа хүртсэн Оскарын шагнал мөн буюу. Нэр хүндтэй, алдартай болох нь сайхан ч гэлээ нөгөө талдаа заавал муу үр дагавар дагуулж байдаг шүү дээ. 1935-1938 оны хооронд Ширли Темпл Америкийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр тодорч тэр хугацаанд найман сая ам.долларын ашигтай ажилласан байдаг. Жирийн америк иргэний өдрийн цалин нэг доллар байсан үеийн найман настай охины орлогын талаар ярьж байгаа юм шүү дээ. Өнөөдрийн ханш руу шилжүүлбэл тэрбум гараад явчихна. Тийм ч учраас Темпли “Надад бага нас гэж байгаагүй. Үеийнхээ хүүхдүүдтэй гадаа чөлөөтэй тоглож үзээгүй. Зургаан настай байхдаа дэлгүүрт орсон чинь хүсэл биелүүлдэг Санта Клаус намайг харчихаад гарын үсгээ үлдээгээч гэж хүссэн. Тиймээс өвлийн өвгөн гэж байдаггүй, худлаа гэдгийг ойлгосон” хэмээн бичжээ. Хэдий төрөхдөө буржгар байсан ч удалгүй үс нь шулуун болж эхэлсэн тул ээж нь унтахынх нь өмнө тогтмол 56 ширхэг “пигуди” ороож хэвтүүлдэг байжээ. Европ тивд түүнийг ерөөсөө хүүхэд биш насаа нуусан тарваган бүсгүй гэдэг цуурхал хүчтэй тархаж Ватиканы шашны байгууллага Сильвио Массанте хэмээх ламыг үнэн худлыг нь шүүн шалгуулахаар явуулж байсан түүх ч бий. Бас гудамжаар алхаж явах үед түүний үснээс татаж парик өмссөн эсхийг шалгах тохиолдол тогтмол гардаг байсан гэж ч тэр өгүүлсэн байдаг. 20th Century Fox, Metro-Goldwyn-Mayer зэрэг том пүүсүүдтэй гэрээлж тэдгээрийн эргэн тойронд эргэлдэх шалиг продюсерүүдийн хараанд аравхан наснаасаа өртөх болсон Ширлигийн хувьд томчуулын шуналт харц, танхай үйлдэл ямар их хэцүү байсан тухай өөрийн дурдатгалдаа бичиж үлдээснээс нэг л жишээ татъя. “Намайг 12 настай байхад Metro-Goldwyn-Mayer-ын продюсер Артур Фридтэй танилцуулсан. Нэг удаа яаж ч байгаад билээ түүний өрөөнд хоёулханаа үлдчихсэн байсан чинь Фрид гэнэт товчоо тайлаад өмдөө доош нь унагаж билээ. Би маш их айж зугтчихсан” хэмээсэн нь овоо хэдэн адал явдлынх нь нэг. Хүүхэлдэйгээр тоглодог насан дээр явж байсан охины тухай ярьж байгаа юм шүү дээ. Ер нь тэр үед барби хүүхэлдэйн сураг ч алга байхад Ideal Novelty&Тoy Cо компаниас үйлдвэрлэсэн Ширли гэдэг хүүхэлдэй хамгийн их борлуулалттай тоглоом байсан юм шүү гэдгийг бас тэмдэглэчихье.

Ширли Темпли Холливудын хожим түүний жимээр алхсан хүүхэд-одуудын хувь заяатай адил цээл насандаа хүрээд алдрын оргилоос уруудсан даа. Товчхондоо 21 наснаас нь эхлээд кино компаниуд зайгаа авч урилга явуулахаа болиод эхэлсэн нь нөгөө л зах зээлийн хатуу хуультай холбоотой бөлгөө. Тэдэнд нар цацруулсан инээмсэглэлтэй, хөгжил, баясгал гийгүүлсэн охин хэрэгтэй байсан болохоос гоолиг, гунхалзсан бүсгүй хэрэгтэй байсангүй. Гэхдээ тэр Маколей Калкин мэт чиг дампуураад алга болчихоогүй, телевизийн дэлгэцнээ өөрийгөө сорьж, гэр бүлтэй аз жаргалтай амьдралыг амсан, улс төрд чадал, чансаагаа шалган ирмүүн амьдралаар амьдарч байгаад хорвоогоос буцсан л даа. Улс төрийнх нь амьдрал кино урлагаас нь нэг их дутахааргүй, бас л хэр хэмжээндээ таарсан боргилуун байж Америк улсыг төлөөлөн хэд хэдэн улсад элчин сайдаар ажиллан, НҮБ-д хүртэл төлөөлөгчөөр шавилан сууж явлаа шүү дээ.

Лос Анжелесын Холливудад TCL Chinese Theatre гэж бий. Тэр кино театрын өмнүүр нөгөө гар, хөлний мөртэй алдартай гудамж байдаг. Тэнд 1935 оны гуравдугаар сард зургаахан настайдаа мөрөө мөнхлөн үлдээх завшаан тохиосон хамгийн залуу эмэгтэй жүжигчин нь Ширли Темпл байсан юм шүү дээ.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *