2018-2019 оны цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхэлсэн байгаа. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулах аж.
“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах юм байна.
2018-2019 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүрэг, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр шинээр зургаан цэцэрлэг, зургаан цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, нийт хүчин чадлыг 2140-өөр нэмэгдүүлсэн байна.
Мөн байгууллагын стандартын шаардлага хангасан есөн цэцэрлэгийн 19 бүлэгт 690 хүүхдийг, төрийн бус өмчийн 47 цэцэрлэг шинээр үүсгэн байгуулагдаж, 3183 хүүхдийг, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Нэмэлт элсэлт”-ийг зохион байгуулан 1.425.0 сая төгрөгийг шийдвэрлүүлснээр 3087 хүүхдийг, зургаан цэцэрлэгт есөн гэр бүлгийг шинээр нээж, 251 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар хамран сургалт 80.1 хувьд хүрсэн дүнтэй гарчээ.