Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд 36 иргэн ханджээ. Тэдгээрийн ихэнх нь Боловсрол, соёл урлагийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байна.
Тухайлбал, хичээлийн жил эхлээд удаагүй байхад багш нар сурагчдаас мөнгө нэхсэн гэх асуудал байнга гарч байгаа ба цэцэрлэгийн хүүхдээс шинэ ор хөнжлийн даавууны мөнгө нэхсэн, бага ангийн сурагчдыг биеийн тамирын хувцсаар жигдлэх нэрийдлээр хувцас зарсан, үдийн цайны аягыг нэг өнгө, хэлбэртэй байлгах, анги танхимдаа эд хэрэгсэл авч өгөхийг шаардсан зэрэг асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх Шуурхай хурлаар хэлэлцэж, тухайн багш нарт хариуцлага тооцохоор болжээ. Мөн үйлчлүүлэгчдэд хүнд суртал гаргасан, ёс бусаар харилцсан БОЭТ-ийн эмч, ажилчдын ёс зүйтэй холбоотой санал, гомдлын хүрээнд ажлын хэсгийг байгуулж шалгахаар болсон байна.