Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх бүтээн байгуулалт өрнүүлж буй “Гудамж” төсөл энэ онд нэлээд олон чиглэлд шинээр зам барихаар төлөвлөж, зураг төсөл, бэлтгэл ажлуудаа хийж байна. Эдгээрээс тун шинэлэг нэг санаачилга нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ зам барих ажил юм. Тэгвэл тус уулзварын шинэ замын суурийн үе шатны ажил дуусч, хучилт хийхэд бэлэн болжээ.
Энэхүү шинэ замыг барьснаар Цэцэг төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх юм. Ингээд энэхүү ажлын явцын зургуудаас сонирхуулъя.