Categories
мэдээ нийгэм

Цэцэг төвийн уулзвар 4 замын уулзвар боллоо

Улаанбаатарын түгжрэл ихтэй уулзваруудыг 4 замын уулзвар болгох ажил өнгөрсөн жилээс эхэлж, Чингис бондын хөрөнгөөр санхүүжиж байгаа юм. 2013 онд 18 уулзвар шинэчилсэн бол энэ жил 12-ыг шинэчлэхээр төлөвлөжээ. “Гудамж” төслийнхөн энэ оны эхний ажлаа дуусгаж, Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өчигдөр /06.27/ хүлээлгэж өглөө.

Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газрын хаалттай байсан энэ газрыг нээлттэй гудамж болгосноор Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд цаг, мөнгөө хэмнэх, тав тухтай зорчих боломжтой болж байна.

Цэцэг төвийн 4 замын уулзварын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Хаана түгжрэл ихтэй, шатахуун их зарцуулж, цаг хугацаа алдаж, хөрөнгө урсч байна тэнд “Гудамж” төсөл хэрэгжинэ. Ирэх долоо хоногт 100 айл болон III, IV хорооллын Энэбишийн өргөн чөлөөний уулзварыг өргөтгөж хүлээлгэн өгнө” гэж хэллээ.

Энэхүү шинэ гудамж, замын зураг төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эйч Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж, Японы Си Ти Ай инженеринг интернэйшнл компани зөвлөхөөр ажиллажээ. Эдгээр компанийн хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Цэцэг төвийн уулзварыг шинэчлэхэд 2 тэрбум төгрөг зарцуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.