Categories
мэдээ нийгэм

Цэцэг төв дөрвөн замын уулзвартай боллоо

Улаанбаатарын түгжрэл ихтэй уулзваруудыг дөрвөн замын уулзвар болгох ажил өнгөрсөн жилээс эхэлж, Чингис бондын хөрөнгөөр санхүүжиж байгаа юм. 2013 онд 18 уулзвар шинэчилсэн бол энэ жил 12-ыг шинэчлэхээр төлөвлөжээ. “Гудамж” төслийнхөн энэ оны эхний ажлаа дуусгаж, Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өнөөдөр хүлээлгэж өглөө. 

Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газрын хаалттай байсан энэ газрыг нээлттэй гудамж болгосноор Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамжны авто замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд цаг, мөнгөө хэмнэх, тав тухтай зорчих боломжтой болж байна.

Цэцэг төвийн дөрвөн замын уулзварын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Хаана түгжрэл ихтэй, шатахуун их зарцуулж, цаг хугацаа алдаж, хөрөнгө урсч байна тэнд “Гудамж” төсөл хэрэгжинэ. Ирэх долоо хоногт 100 айл болон III, IV хорооллын Энэбишийн өргөн чөлөөний уулзварыг өргөтгөж хүлээлгэн өгнө” гэж хэллээ.

 Энэхүү шинэ гудамж, замын зураг төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эй Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж, Японы Си Си Ти Ай инженеринг интернэйшнл компани зөвлөхөөр ажилласан бөгөөд уг уулзварыг шинэчлэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *