Австрали улсын Элчин сайдын яамнаас жил бүр бичил төслийн уралдааныг зарладаг. Энэ жил 500 гаруй төслийн санал ирснээс Цэргийн төв эмнэлгээс санаачилсан “Хүүхдийн төлөө” төсөл шалгарчээ.
Австралийн Элчин сайдын яамнаас 43 сая орчим төгрөгийн санхүүжилтийг хийсэн бөгөөд энэ төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжээд дуусч байгаа аж. Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри хэлэхдээ “Манай төслийн хүрээнд хэрэгждэг хөтөлбөрүүд нь эмэгтэйчүүд болон хүүхдийн эрүүл мэндийн салбарт онцгойлон ач холбогдол өгдөг. Тиймээс Цэргийн төв эмнэлгээс санаачилсан уг төсөл сонгогдсон юм. Нөгөө талаар хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эмч нарын чадавхыг бэхжүүлэх зэргийг төсөлдөө тусгасан болохоор анхаарал их татсан” гэв.
Тухайн төслийг хэрэгжүүлснээр хүүхдийн тасагт оношилгооны аппаратууд, засвар, үйлчилгээний багаж хэрэгсэл, хүүхдийн тасгийн зориулалттай ор болон нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмжүүдтэй болсон юм. Өнөөдөр тус эмнэлгийн хүүхдийн тасаг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.